“100 чухал сэдэв” нэвтрүүлгээс төрсөн бодрол
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт оролцохдоо “60 тэрбум”-ын асуудлаар маш тодорхой, хэн бүхэнд ойлгомжтой тайлбар мэдээлэл өглөө. Тус нэвтрүүлгээс төрсөн бодлоо хуваалцъя.
Монголын төрийн баялгийг олон жил талх шиг зүсэж, хувааж, хумсалж, залилаж, луйвардаж ирсэн эрх мэдэлтнүүдтэй УИХ дах шударга, залуу, зарчимд гишүүд тууштай тэмцэж байгаа гэдгийг энэ нэвтрүүлгээс харж болохоор байна.
Төрийн албыг Нарантуул зах дээр зарж байгаа мэт үнэлэн зарах гэсэн Ц.Сандуй тэргүүтэй 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг биш гэдгийг нь баримтанд тулгуурлан хөндөн тавьсан УИХ-ын Л.Оюун-Эрдэнийг ямар ч үнээр хамаагүй харлуулах гэсэн, түүнийг буруутгах гэсэн хандлагыг 60 тэрбумын багийнхан асар хүчтэй хэрэгжүүлэхийг зорьж байгааг та эндээс ойлгож болно. Ингэхдээ АТГ гэгч М.Энхболдын “гарын байгууллагаас” Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүнд ёсзүйн хариуцлага тооцуулах нэртэй хууль зөрчсөн албан шаардлага хүргүүлсэн нь АТГ–аас 60 тэрбумын багийг хамгаалахын тулд яахаас буцахгүй байгаагийн илрэл гэлтэй.
Хэдийгээр өнөө цаг үед мэдээлэл технологи өндөр хэмжээнд хөгжсөн ч гэлээ 3-4 цаг өөр хоорондоо ярилцсан хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэх хэмжээнд хүрээгүй, ойрын 40-50 жилд ийм хэмжээнд технологи хөгжих боломжгүй гэдгийг эрүүл сануул ухаантай, техникийн ололт дэвшлийг гадарладаг хэн хүн мэддэг гэдгийг АТГ болон “60 тэрбумыг өмөөрөгчид” эрхбиш гадарлаж байгаа биз ээ.
УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ санаачлан 60 тэрбумын асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийх саналыг гарагж, түүний энэ саналыг УИХ-ын нэр бүхий 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байхад зайлшгүй хийгдэх ёстой Нээлттэй сонсголыг УИХ-ын дарга М.Энхболд ямар нэг аргаар хийлгэхгүй байгаа нь холбогдох хуулийг уландаа гишгэж байгаа хэрэг гэдгийг та бүхэн мэдэж болно.
Түүгээр зогсохгүй Монгол улсын Үндсэн хуульд заасан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах гишүүдийн шаардлагыг УИХ-ын дарга нөгөө л мэлздэг зангаараа аргалж, чуулганы ирц хүрэлцэхгүй байх гэсэн шалтгаанаар хойшлуулсаар байгаа нь түүнийг улс орны эрх ашгийг бодож байна уу, эсвэл амин хувийн эрх ашгаа тооцож байна уу гэдгийг илэрхийлсэн хэрэг боллоо.
60 тэрбумын асуудал худал гэхэд дэндүү үнэн, бодитой болсон процесс. Үүнд оролцсон Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нар зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш УИХ-ын дарга М.Энхболд би ийм хурал, ярианд оролцоогүй гэж мянгантаа мэлзэх нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг болно.
Үүний оронд ард түмнээсээ уучлалт хүсээд, хариуцлагаа хүлээгээд, албан тушаалаасаа огцрох нь зохилтой. УИХ-ын гишүүд та бүхэн М.Энхболдыг дэмжиж 60 тэрбумыг өмгөөлөхөөсөө илүүтэй өөрсдийг нь сонгосон ард түмнийхээ эрх ашгийг илэрхийлэн, тэдний дуу хоолойг парламентад хүргэж ажиллах хэрэгтэй. Эс бөгөөд таныг сонгосон иргэд таныг хэн гэдгийг тань төвөггүйхэн таних болно.
Эх сурвалж:chuhal.mn