Яармагийн замд том оврын ачааны авто машин замаас гарч явган хүний зам дээгүүр явж зүлэг ногоо сүйтгэж буй бичлэг цахим орчинд тархсан. Бичлэг долдугаар сарын 27-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан байдаг. Тэгвэл Замын цагдаагийн албанаас дээрх машины жолоочид арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг нь арилгуулсан байна.
Ачааны авто машины жолооч замаас гарч явган хүний замаар явснаа тайлбарлахдаа ”Осол гарсан байсан учир цаг хожихыг тулд замын хашлага давж, зүлэг ногоон дээгүүр явсан. Өөрийн буруутай үйлдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Жолооч нарт хандаж хэлэхэд битгий яарч сандран ногоон байгууламж давж яваарай” гэжээ.
Тэрбээр долдугаар сарын 30-ний өдөр яармагийн замд очиж зүлэг ногоон нь тэгшилж боржуур янзалсан байна. Түүний гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулиар мөнгөн дүнгээр торгох аж.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.