Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон долоон газрын даргад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хооронд осолдож олон зорчигч бэртэж эмнэлэгт хүргэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Галт тэргэнд 329 хүн явсан. Ослын газар дээр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Даланжаргалан сум, Айраг сумын эмнэлгийн эмч, өрхийн эмч, Төмөр замын төв эмнэлгийн эмч нар гээд 37 хүниий бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Есөн хүнд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай гэж үзэж, Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт хүргэсэн. Тэдгээр хүнээс тархины доргилттой хоёр хүн эмнэлгийн хяналтад байна. Нэг жирэмсэн эмэгтэйг хяналтад аваад биеийн байдал гайгүй учир эмнэлгээс гаргасан. Үүний дараа 120 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж нарийвчилсан үзлэг шинжилгээ хийгээд хоёр хүн эмнэлэгт үлдсэн.
Энэ хоёр хүн хүнд байна. Нэг нь 48 настай эмэгтэй, олон хавирга хугарсан, уушги цоорсон байх магадлалтай. Гэхдээ элэгний дээд хэсэгт шингэн хуримтлагдсан гэж үзсэн учир ГССҮТ-өөс мэс заслын баг гарсан, шаардлагатай бол яаралтай мэс засал хийнэ. 54 настай эмэгтэйн толгой дээрээс юм унасан учир тархины гэмтэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс биеийн байдлыг тогтворжуулаад ГССҮТ рүү авч ирч байгаа. Одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн зүйл гараагүй. Есөн хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд, зургаа нь том хүн байна. Гэхдээ доргилт авсан, осол гэмтэл учир дараа нь янз бүрийн хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг учир эмчийн зөвлөгөө авах, шаардлагатай бол эмнэлэгт хандахыг зөвлөөд хүмүүсээ буцааж байна” гэв.