Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нөөц хөрөнгөнөөсөө шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах ажил эхэллээ.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаа “Дарь-Эхийн дунд буудлын орчимд үүсэн авто замын эвдрэлийг засахаар хоёр бригад гарган шуурхай ажиллуулж байна. Нийтдээ 3.5-4 мянган МКВ талбайд нөхөн сэргээлт, засвар хийнэ. Эхний ээлжинд авто машин саадгүй зорчих нөхцөлийг хангана. Дахин бороо орохгүй, ажил саатахгүй байвал ирэх долоо хоног гэхэд засвар, нөхөн сэргээлтийн ажлыг дуусгана” гэв.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл “Энэ жил бороо их орсны улмаас Дарь-Эхийн дунд буудлын орчимд булаг, шанд нэлээд идэвхижсэн. Энэ хэсэгт гурван булаг гарч ирсэн. Булгийн ус замруу урсаж байгаагаас хамаараад авто замын эвдрэл их үүсээд байна. Энэ зам нь 2010-2012 онд шинэчлэгдсэн. Тухайн үед замын баруун талаар суурьшлын бүс байгаагүй. Замын ус баруун талруугаа урсаж гардаг байсан. Өнөөдрийн байдлаар замын баруун талаар шигүү байшин барилга барьсан байгаа учир замын ус гадагшаа урсах боломжгүй болчихоод байна. Нийслэлээс яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Засварын ажлыг УБЗЗАГ-ынхан хийж байна. Булгаас урсаж байгаа усыг зам доогуур хөндлөн гаргана. Дүүргээс нь хөрөнгийг нь шийдвэрлүүлж, Геодези, усны барилга байгууламжийн газрынхан хөндлөн шуудууны ажлыг хийж гүйцэтгэнэ” хэмээв.
Өчигдрийн байдлаар тус хорооны дүүргээс нүхэн эвдрэл гарсан хэсгүүдэд дайргаар дүүргэлт хийгдсэн байна. Цаашдаа борооны ус зайлуулах шугам сүлжээгүй, олон жилийн өмнө хийгдсэн авто замуудад шугам сүлжээ хийх төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Дарь эхийн авто замыг 2012 онд шинэчлэхдээ ус зайлуулах төхөөрөмж болон үерийн уснаас хамгаалсан далан сувгийг шийдээгүйн улмаас ийнхүү эвдрэл үүссэн гэдгийг мэргэжлийн инженерүүд хэлж байна.
Тиймээс ирэх онд Улаанбаатар хотын авто замуудад ус зайлуулах төхөөрөмж хийхээр төлөвлөж байна. Энэ онд үерт их автдаг 10 гаруй авто замд хийсэн нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал Чингис зочид буудлын орчимд ус зайлуулах төхөөрөмж суурилуулсан байна. Ирэх онд Дарь-эхийн замд хийхээр төлөвлөж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үерийн улмаас эвдэрсэн авто замууд болон шинээр баригдаж байгаа шинэчлэл хийгдэж буй бүхий л замууд ашиглалтанд орно гэж Авто замын хөгжлийн газрын удирдлагууд хэллээ.