Нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд Мах бэлтгэх үйлдвэр баригдаж байна. Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм. “МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг Эмээлт, Налайх дүүрэгт барьж байгаа юм.

“МБҮ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн “Мах бэлтгэх үйлдвэрийг Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бодлогын түвшинд хотоос дэмжлэг үзүүлсэн. Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд баригдаж байна. Өдөрт 7,500 бог, 1,500 бод мал нядлах, бэлтгэх хүчин чадалтай. Монгол хүнд эрүүл мах хүргэх зорилго тавьж байгаа. Улаанбаатар хотын иргэдийг бид 100 хувь эрүүл махаар хангах болно.

Манай үйлдвэр малыг эхлээд амьдаар нь шинжилгээ авна. Үүний дараа нядлагдаж байх явцад үйлдвэрийн технологи дотор шинжилгээ авна. Тэгэхээр мал нядалгаанд орохоос өмнө гурван лабораторийн шинжилгээгээр орно. Үүний дараа мах хэрэглэгчийн гар дээр очих болно. Үйлдвэрээ ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна” хэмээв.

Үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцах үеэрээ Хотын захирагч С.Батболд “Нийслэлийн иргэд өнөөдөр хүнсэндээ 95 хувь нь гар аргаар, 5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн ийм үед бид хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Ялангуяа нийтийн хоолны болон сургууль, цэцэрлэгийн цайны газарт бид стандарт тавихаас өөр арга байхгүй. Үүнийг шийдэх арга бол Улаанбаатар хотын хоёр захад Стандартын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр байгуулах. Энд боловсруулсан махыг сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд хэрэглэх шаардлагатай” хэмээн ярилаа.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор иргэдийн гар дээр хоёр гурван дамжлаг дамжихгүйгээр шууд хүрэх давуу талтай. Малчид ч ченжүүдэд мал, махаа хямд өгөхгүйгээр авч ирж борлуулах боломж бүрдэх юм.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …