УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ төрийн албыг наймаалсан гэх “60 тэрбум”-ын хэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдоос гурван зүйлийг 8-р сарын 20-ноос өмнө хийхийг шаардсан албан бичгийг энэ сарын 8-ны өдөр хүргүүлсэн юм.
Энэхүү шаардлагад “1. Монголын Ард түмэн, намын нийт гишүүд дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх.
2. Өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагуудад хандаж энэ хэргийг дахин нягтлан шалгуулж,олон нийтийн эргэлзээг тайлах.
3. Ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, УИХ-ын гишүүдийн үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдуулах” гэсэн шаардлага тавьсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга М. Энхболд шаардлагын хариуг энэ сарын 20-ний өдөр УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байна.
Тэрээр шаардлагадаа “Танаас “60 тэрбумын хэрэг” гэх асуудалтай холбогдуулан тавьсан шаардлагатай танилцлаа.
Улсын ерөнхий прокурорын газраас 2017 онд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хянаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлийн хэргийг хаах шийдвэр гаргасан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн.
Монгол Ардын Нам сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар нийгэмд үүсээд байгаа эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна.
Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж байгаа юм байна. Уг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн, нэг мөр шийдвэрлэнэ гэж найдаж байна.
Энэ асуудалд Монгол Ардын Нам болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсэж байгаа явдалд харамсаж байгаа талаар Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороонд тайлбар хүргүүлснийг хавсарган хүргүүлэв” гэжээ.