Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа энэ сарын 19-нд эх орондоо ирлээ.
7-р сарын 25-наас 8-р сарын 8-ний хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан тэмцээнд Монгол улсын төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж байсан билээ.1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний энэ оны шалгаруулалтад 57 орны гоо охид шалгаран уригдаж 14 хоногийн туршид тусгай хөтөлбөрийн дагуу тэсвэр хатуужил, гоо үзэсгэлэн, нийгмийн хариуцлага, авъяас чадвараараа өрсөлдсөнөөс Монгол охин Б.Гүнзаяа 3-р байрын шагналыг хүртсэн юм.
Энэ удаагийн тэмцээний талаар Б.Гүнзаяа “Монгол хүн болж төрсөн хувь ерөөлөөр Дэлхийн аялал жуулчлалын элч болон титмээ зүүж олон сая хүнээс шалгарсан улс, улсын шилдэг охидтой мөр зэрэгцэн өрсөлдөж МОНГОЛ хэмээн бахархалтайгаар дуудуулан зогсох нь юу юунаас илүү эрхэм байлаа. Хэдий би Бат-Эрдэнийн Гүнзаяа хэмээх нэрээр оролцож байгаа ч миний нэр бус эх орны минь нэрээр овоглож байгаа болохоор олдсон агшин бүртээ чин сэтгэлээсээ хичээж, Монголоороо гайхуулах, омогших алтан агшин минь энэ өдрүүдэд тохиолоо. Монгол минь, Монголчууд минь бүхий л салбарт өөд өөдөө Мандан бадрах болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.