Хүн ам олноор оршин суух болсон Баянзүрх дүүргийн “Баянмонгол хороолол”, “Саруул”, “Дүнжингарав”, “Элизабет” хотхоны ойр орчимд сургууь, цэцэрлэг барих газаргүй байгаа юм. Энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга анхааралдаа авч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалт бүхий 7,500м2 газрын асуудлыг шийдвэрлэжээ.
Шинээр сургууль баригдах энэхүү газрыг өмнө нь зарим иргэн, ААН эзэмшдэг байсан бөгөөд хуулийн дагуу уг субьектуудын газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгож, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Боловсролын газарт өгсөн байна.
Нийслэлийн энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдсан юм. Газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай үргэлжилж байгаа аж.
Өнгөрсөн Баасан гарагт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөлсөн. Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм.