Уран бүтээлчдийн хийсэн киног хулгайлан хууль бусаар фэйсфүүкээр тарааж буй хэргүүд удаа дараалан гарч байна. Тухайлбал, Фантастик продакшны бүтээсэн “Байтаг богд” түүхэн сэдэвт уран сайхны киног хулгайлан, фэйсбүүкээр тарааж байна гэдгийг Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий цахим хуудсаараа мэдэгдсэн. Мөн “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Single ladies 3” хулгайлан фэйсфүүкээр тарааж эхэлсэн юм.
Үүнтэй холбоотойгоор “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч, СТА жүжигчин Г.Ундармаа оюуны бүтээл болсон кинонуудыг хулгайлахгүй байх, хулгайлсан дуу, дүрс муутай киног үзэхгүй байхыг нийт иргэд, үзэгчдэд уриаллаа.
Тэрээр уриалгадаа“Та нар яах гэж кино үздэг вэ? Ихэнх хүмүүс тархиа амрааж, кайф авах гэж, ажлынхаа ядаргааг тайлж, чөлөөт цагаасаа хоёр цагийг зориулан кино үздэг. Тиймээс чанартай дуу дүрстэй, том дэлгэцээр, тохирсон орчинд нь киног үзвэл жинхэнэ кайфыг мэдэрч, киног үзсэн шиг үзнэ. Кино театрт үзэж амжаагүй бол цэнхэр дэлгэцийнхээ урд, гэр бүлээрээ хамт суугаад, аяга хоол, тагш цайгаа барин, хань ижил үр хүүхэдтэйгээ инээж, ханиан кино үзэх нь жаргал юм.
Харин утасны жижигхэн дэлгэц, компьютерийн ард суугаад дуу нь бүдэгхэн, дүрс нь чанаргүй, хэн нэгэн хулгайчийн хумсалсан чанаргүй бичлэгийг үзэх нь танд ямар кайф авчирч байна вэ? Жүжигчдийн өмссөн хувцас, нүүрний хувирал, арын объект ч анзаарагдахгүй киног үзээд юуг ойлгов? Тиймээс бүгдээрээ хамтдаа оюуны өмчийг дээдэлж үнэлэхийг уриалж байна.Оюуны бүтээлийн хулгайчидтай хатуу арга хэмжээ тооцохоор бүх уран бүтээлчид нэгдсэн байгааг үүгээр уламжилж байна” гэжээ.