Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа болон цаг үеийн зарим асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад хариуцлага тооцож, сургуульд нь мэдэгдэл хүргүүлнэ
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан “Хичээлийн шинэ жил эхлэх үеэр орон нутгаас нийслэлийг зорьсон хөл хөлдөлгөөн ихэсдэг. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх хандлагатай байна.
Улсын их, дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй бүртгүүлж, оруулж өгье хэмээн иргэдийг залилах хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн оюутнуудыг үнэ төлбөргүйгээр оюутны байранд оруулж өгнө гээд залилсан хэрэг бас гараад байна.
Хичээлийн шинэ жил эхлэх үеэр оюутнууд архидан согтуурч, эрүүлжүүлэгдэх зөрчил ихээр гардаг. Тиймээс энэ жилээс архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, сургуульд нь “Танай сургуулийн оюутан эсвэл сурагч архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн байна. Дахин энэ төрлийн зөрчил гаргуулахгүйн тулд сургууль дээрээ сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна уу” гэсэн агуулгатай албан мэдэгдэл хүргүүлнэ.
Үйлчилгээний байгууллагуудад хандаж анхааруулахад 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаалж, энэ талаар иргэдээс гомдол мэдээлэл ирж баталгаажвал үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэлээ.
“Замын-Үүд-2” өртөөний холбооны механикч галт тэргэнд дайруулжээ
ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд галт тэргэнд хүн дайруулж, нас барлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 27-ны 10.30 цагт ирсэн. Дуудлагын дагуу шалгалт хийхэд “Замын-Үүд-2” өртөөний холбооны механикч, Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн харьяат, 29 настай, эрэгтэй “Б” нь ажил үүргээ гүйцэтгэж яваад галт тэргэнд дайруулж нас барсан байсан. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.