hands texting with mobile phones in cafe

Ухаалаг утас сэтгэлийн хаалга тогшигч

УХААЛАГ УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ БА БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД
Дэлхий дахин аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалын үр шимээр гар утас, компьютер, интернет зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Монголчууд харилцаа холбооны хэрэгслийн хэрэглээний хувьд дэлхийн зурвастай нэг шугаманд эгнэж байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын нийт үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 3,786,858 ба үүнээс 2,436,734 хүн ухаалаг утас хэрэглэж байна. Дата хэрэглээ 2016 оны мөн үеэс даруй 50.2%, ухаалаг утасны хэрэглээ 21%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хөгжлийн хэв загвар бүрт давуу тал болон сул тал бий. Гар утас интернетийн хэрэглээ хэдийн улаан ногоон товчлуур, цахим шуудан шалгахаас давж онлайн дэлгүүр хэсэх, хоол захиалах, банкны үйлчилгээ авах, такси захиалах гэх мэт бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Тэгвэл интернет орчин болон ухаалаг утасны хэрэглээ бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?

УХААЛАГ УТАСНЫ ХЭМНЭЛ
Техник технологи эд өлгийн хэлбэрээс хүн төрөлхтөн виртуал эд эрхтний хэлбэр рүү шилжиж байна. Time сэтгүүлийн Америк, Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Индонез, Бразил зэрэг орноос 5,000 хүн оролцсон судалгаанаас үзэхэд дөрвөн хүн тутмын нэг нь утсаа 30 минут тутам, таван хүн тутмын нэг нь 20 минут тутам утсаа шалгадаг гэжээ. Бид ядаж нэг цагт нэг удаа хийж буй бүхнээ орхиод эрүүл мэнддээ цөөхөн хормыг зориулж чаддаг билүү.

Нэгэн судалгаанд Америк эмэгтэйчүүдийн 51% нь, эрэгтэйчүүдийн 41% нь гар утасгүйгээр амьдарч чадахгүй хэмээн хариулжээ. Үүнээс үзвэл гар утас зөвхөн өнгө алагласан төмрийн нэгдэл бус бидний нэгэн эрхтэн болжээ. Нүдэнд ил үзэгдэхгүй ч сэтгэлд харагдах түүнийг сэтгэл тэжээгч гэж хэлж болох мэт.

УХААЛАГ УТАСНЫ УХААНГҮЙ ХЭРЭГЛЭГЧИД
Бүх зүйлд ухаалаг хязгаар бий, ухаалаг утас цахим сүлжээний хэрэглээнд ч бас. Google, Facebook, Youtube, LinkEdn, Snapchat, Twitter зэрэг гарт үл баригдах хийсвэр орчин хүн төрөлхтөнд хязгааргүй боломжийг олгохын сацуу бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээ ч бас мартсангүй.

Сэтгэл, оюун бодол, цахим ертөнц гурав гарт үл баригдах хоосон. Тиймдээ ч сошиал медиа сэтгэл хэмээх эрхтний байг яг онож биднийг нойргүйдэл, сэтгэл гутралд хүргэж донтуулдаг байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Донтолтыг энгийнээр тайлбарлавал аливаа зүйлээс хараат болох тухай ойлголт юм. Бид тамхи татдаг хүнийг тамхины хамааралтай, архи хэтрүүлдэг хүмүүсийг архины хамааралтай харин ухаалаг утасны донтой хүмүүсийг ухаалаг утасны хамааралтай хүмүүс гэдэг. Германд 10,000 хүний дунд хийсэн судалгаагаар нийт оролцогчдын 5.3% нь цахим сүлжээнээс хамааралтай ба тэдгээрийн гуравны нэг нь сэтгэл гутралтай нь оношлогдсон бол 2013 онд Монгол улсад 240 оюутны дунд хийсэн судалгаагаар оролцогсдын 11.8% нь фэйсбүүк хамааралтай гэсэн дүн гарчээ. Та бид ухаалаг утсыг бүрэн ашиглаж чадаж байна уу, эсвэл ухаалаг утсанд тэнэг болтлоо ашиглуулж байна уу.

Та ухаалаг утасны эрүүл хэрэглэгч мөн үү?

УХААЛАГ УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ ТАРХИНД БУЙ БОДИСУУДЫГ ӨӨРЧИЛДӨГ
Бидний тархинд мэдрэлийн эсүүд, хараа, хэл ярианы төвүүд, 12 хос мэдрэл ажиллахын сацуу нейротрансмиттерүүд (мэдрэлийн импульсийг дамжуулдаг биологийн идэвхт бодис) сэтгэл хөдлөл, суралцах, танин мэдэх үйл ажиллагааг зохицуулж байдаг. Нейротрансмиттерүүд нь сэрлийг идэвхжүүлэх эсвэл хориглох нөлөөг үзүүлдэг. Korea их сургуулийн эрдэмтэд соронзон резонаст томографийн (MRI) нэг төрөл болох соронзон резонаст спектроскопийг ашиглан гар утас болон цахим орчинд донтсон 19 залуусын тархинд буй бодисыг эрүүл хүмүүстэй харьцуулан судлахад хориглох нөлөө үзүүлэгч нейротрансмиттерийн нэг болох гамма амин тосны хүчил (GABA) нь гар утасны болон сошиал медиа хамааралтай хүний тархины anterior cingulate gyrus хэсэгт их байгааг тогтоожээ. Энэ нь цаашид донтолтын эмгэг жамыг судлахад чухал хөшүүрэг болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

https://www.facebook.com/bold.bayarbaatar

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …