Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэр гаргажээ.
Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч буй юм. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулахаар болжээ.
Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх юм. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл багасах аж. Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Ингэснээр автомашины хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж. Замыг засварлахдаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зам хаахгүйгээр түр зам хийх замаар шийдвэрлэх юм байна.