Кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино 49 дахь жилдээ зохиогдож буй Оюутны олон улсын кино наадамд “Шилдэг баримтат кино”-гоор шалгарч 91 дахь удаагийн Академийн дээд шагнал болох Оскарт өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг өчигдөр /2018.09.13/ киноны уран бүтээлчид нь дуулгалаа.
Энэ жилийн “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж. “Student Academy Award” Олон улсын оюутны кино уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 11-нд болох ажээ.
“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг Кино телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Бирагийн Март ажиллаж, зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.
Дундговь аймгийн Өндөр шил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийнхээ ур чадварыг, нүүдэлчдийнхээ ахуй соёлыг харуулсан бүтээл юм.
Тус бүтээл нь Холливүүд болон Хюстоны олон улсын кино наадамд түрүүлж мөн Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.