Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн болжээ. Тус бүтээлийн тухайд нийт 35кг жинтэй цэвэр шоколадаас бүтсэн бөгөөд өнгөт деталуудыг какаоны тосыг хүнсний будагтай хольж гарган авчээ. Мөн хоёр төрлийн шоколадны цуглуулга хийсний нэг нь чацаргана, макадамиа самар, ром дарстай бол нөгөөх нь ислэг интоор болон сарнайн дарсны орцоор хийжээ.
Ч.Бүжинлхам энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн 10-р сард Итали улсад болох Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа аж.
Тэрээр нарийн боовны мэргэжлээр Австрали улсад төгссөн бөгөөд түүнээс өмнө өөрийн хоббигоороо бялуу, нарийн боовыг гурван жил хийжээ.
Уг тэмцээнийг Австралийн Нарийн боов, шоколад, зайрмагны олон улсын холбоо болон “Euroquip” хоолны үйлчилгээний байгууллагаас зохион байгуулсан бөгөөд олон тогоочид хүсэлтээ өгснөөс 21 хүнийг Австралийн Сиднейд шалгаруулж эцсийн шатанд найман хүний бүтээлийг ийнхүү өрсөлдүүлжээ.