Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд эмнэлгийн ажилчдын ажил хаялтын, суултын үеэр цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо олон нийтэд зарлаж байсан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг хоёр хоногийн өмнө таалал төгсжээ.
Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байсан юм.
Түүнд Монголын ард түмэн сэтгэлийн гараа сунгасны ачаар Энэтхэг улсын Fortis эмнэлэгт хэвтэн мэс засал нь амжилттай болсон ч саяхан Монголд ирээд удалгүй хоёрдогч хүндрэлийн улмаас таалал төгссөн байна.
Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар“Ж.Уранчимэгт маань сэтгэлийн дэм үзүүлсэн хүн бүрт баярлалаа. Амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байсан түүний эр зориг, тэвчээр, хатуужил, өөдрөг сэтгэл, амьдралыг сөрж тэмцэж чадсан гайхалтай сувилагч таныг үүрд санан дурсах болно” гэжээ.
Сувилагч Ж.Уранчимэгийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.