НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг улс орнууд болон иргэд хоорондын энхтайвны ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор дэлхийн энхтайвны өдөр болгон тунхагласан байдаг.
Энэ жил эл өдрийг “Энхтайвны эрх-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жил” уриан дор олон улсад тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэйгээс ирүүлсэн илгээлтийг хүргэж байна.
Уг илгээлтэд, “Хаа нэгэн газар хүний эрх зөрчигдсөөр байх юм бол энэ дэлхий дээр энх амгалан гэж оршихгүй. Энэхүү Олон улсын энх тайвны өдрөөр 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бий болгосон хүмүүсийн нэг болох Рэне Казоны үг бидэнд хүний үндсэн эрх хүндлэгдэхгүй байх аваас энх тайван орших боломжгүй юм гэдгийг сануулж байгаа билээ. Энэ бол хүн бүрийн нэр хүнд хүндлэн дээдлэгдсэн, хүн бүр тэгш эрхийг эдэлсэн тайван нийгмийг цогцлоох гол шаардлага юм.
Эдгээр үгс хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн төлөө бид бүхний хүлээх үүргийг сануулж байна. Энх тайван нь бүх нийтээрээ адилхан эрх ашиг хүртэхгүй бол төгс бус, хэврэг байдаг. Хүний эрх түгээмэл байх бөгөөд эс бөгөөс үл оршино. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ой тохиож буйг холбогдуулан энх тайван болон хүний эрхийг дээдлэх хүндлэлийг холбож буй энэхүү холбоос нь энэ жилийн сэдэв болж байна.
Энх тайван ба түгээмэл эрх нь өдөр бүр соригдон зөрчигдсөөр байна. Эдгээр сорилт нь эв нэгдэлтэй дэлхийг бий болгох, энх тайвнаар зэрэгцэн орших зэрэгт үүсдэг: гай зовлон, ядууралд хүргэдэг нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдал, шинэ асуудлуудыг бий болгодог уур амьсгалын өөрчлөлт, шинэ хурцдал үүсгэж буй хүн амын өсөлт. Популизм болон хэт туйлшрал зэрэг нь дэлхий даяр мөн адил тархаж байна.
Эдгээр асуудлыг шийдэхийн тулд бид хамтран ажиллаж энх тайван хэмээх барилгыг тоосго тоосгоор нь өрөх хэрэгтэй билээ. Энэ нь дэлхийн ядуурал, өлсгөлөн, жэндерийн тэгш бус байдал зэрэгтэй тэмцэн, боловсролыг хөхиүлэн дэмжих, шударга ёсыг эрхэмлэх, эрүүл хүрээлэн буй орчинг үүсгэх зэргээс бүрдэх 17 зорилго бүхий НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн гол зорилго билээ.
ЮНЕСКО нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн ухамсарт энх тайванг цогцлоох хэмээн заасан Үндсэн хуулиа мөрдөн өдөр бүр өөрийн хөтөлбөр, үйл ажиллагаагаараа дамжуулан үүрэг амлалтаа биелүүлсээр байна. Соёлын олон улсын найрсаг харилцааны арван жил 2013-2022-ыг удирдан хариуцсан байгууллагын хувьд ЮНЕСКО нь боловсрол, олон улсын хамтын ажиллагаа болон соёл хоорондын харилцан яриагаар дамжуулан урьдчилан хамгаалах тогтолцоог дэлхий даяар хөгжүүлэн ажиллаж байна.
Энх тайванд хүрэх зам хэдийгээр урт ч, бид бүгд нийгмийг улам хамрангуй, хүлцэнгүй, шударга болгохын төлөө өдөр тутамдаа ажиллах хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм” гэжээ.