Ардчиллын алтан хараацай,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд Ардчилсан намын гишүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсан 1998 оны 10-р сарын 2-ны өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм.
Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан улс төрч байсан билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Арван хэд, хориодхон настай хотод нэг ч удаа ирж үзээгүй залуус Зориг агсныг алсан гэхэд би лав итгэхгүй байна. Энэ хэргийг нууцаас гаргана гэж Хууль зүйн сайд хэлээд жил болж байна. Яав, ийв гэхээр прокурор нь дараад суучихлаа гэдэг. Монголын ард түмэн энэ хэргийг одоо мэдэх цаг нь болсон. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үеэр хэрэгт холбогдож, хоригдоод буй Чимгээгийн хашаанд цогцос шидсэн байдаг. Бас Чимгээг хоригдож байхад хоригдож буй өрөөнд нь шоронгийн хоригдлуудыг оруулж айлгасан. Ингэж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг юм уу” гэв.