Монголын болон дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан 1000 багшийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.
Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм. Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш билээ. Тиймээс өнөөдөр дэлхий даяар багш танд талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна” гэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийт багш нарт баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн ачааллыг бууруулах, сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, суралцагчдыг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, үндэсний бахархал, глобал сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх, багшийн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, ажиллах орчныг сайжруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгаж, амжилттай хэрэгжүүлж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Монгол Улсын боловсролыг нийгэм, эдийн засаг, соёлын орчинд үүссээр байгаа оюун санааны олон талт эрэлт хэрэгцээнд нийцүүлэн иргэн бүрт сурч боловсрох, мэргэжил мэдлэг эзэмших таатай боломж нөхцөл бүрдүүлэх зорилгод чиглүүлэн хэрэгжүүлж байна.
Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай”гэв.