94 жилийн түүхтэй Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо энэ сарын 12-ны өдөр холбооны удирдлагаа сонгох гэж байна. Монгол улсын нийт хүн амын буюу 3,2 сая иргэний 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоог нээлттэй болгох түр хорооноос шаардлага хүргүүллээ.
Үндсэндээ тэдний шаардлага Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн байгууллага гэх 43 төрийн бус байгууллага, 5 компанийн төлөөлөл болсон 160-хан хүн 1 сая 600 мянган эмэгтэйчүүдийг төлөөлж чадахгүй гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн жилүүдэд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны үйл ажиллагаа улам бүр хумигдаж, эрх ашгийг нь хамгаалах үндсэн зорилгоо умартаж, эмэгтэйчүүдийн өмнө энэ байгууллагын үүд хаалга хаалттай болсон гэдгийг мөн хэлж байна.
Өөрсдийн эрх ашгийн төлөө бус Монголын нийт эмэгтэйчүүдийн өмнөөс тэднийг төлөөлөх тэргүүнээ сонгохдоо шударга байж эгэл жирийн эмэгтэйчүүдийг төлөөлөл болгон нэмж оролцуулахыг тэд шаардлаа.
Энэхүү шаардлагыг өнөөдөр хуралдах Удирдах зөвлөлийн хурлаараа шийдэж хариу өгөхийг хүслээ. Хэрэв энэ хугацаанд асуудлыг шийдэж, дээрх шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд түр хорооны гишүүд, дэмжигчид тэмцлийн дараагийн шатанд шилжиж, нийгмийг хамарсан үйл ажиллагаа явуулж МЭХ-г Монголын бүх эмэгтэйчүүдэд нээлттэй болгохын төлөө тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдсэн байна.