Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдав. Хуралдааны эхэнд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тухай хэлэлцэв.
Дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хувь хүнийг хөгжлийг дэмжих, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зэрэг нэлээд олон ажил тусгажээ. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн талаарх танилцуулгадаа Нийслэлийн Засаг даргын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “Ирэх оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд бүтээн байгуулалт, хүний хөгжлийн асуудлыг түлхүү оруулсан. Мөн замын хөдөлгөөний ачаалал зэрэг Улаанбаатарт тулгамдаж буй асуудлыг тусгасан. Дэд төвүүдийг байгуулахаар дахин таван газарт судалгаа хийж байна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийн талаар “Үндсэн чиглэлд тодруулах шаардлагатай олон ажил байна. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргана, мастер төлөвлөгөө боловсруулна гэжээ. Ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа юм бэ. Нийтийн тээвэрт бие даасан байдал менежментийг хэрэхн хангах юм бэ. Улаанбаатар хотод ачаа тээврийн ложистик төв байгуулж, нэгдсэн терминал барих ажлыг хаана, хэн хийх юм бэ. Дагуул, хаяа хот, тосгон, шинэ суурьшлын бүсийг бий болгож, залуу гэр бүлийг орон сууцтай болгох ажлыг үе шаттай хийнэ гэсэн байна. Үүнийг 2016 оны чиглэлд оруулж байсан. Одоо юу хийх юм бэ. Орлогод нийцсэн орон сууцны төсөл ямар шатанд яваа нь тодорхойгүй байгаа. Уг ажилд зориулж 2019 онд хоёр тэрбум төгрөг төсөвлөхөөр болж байгаа. Хэчнээн орон сууц барьж, хэдэн айл оруулах юм бэ. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж миний мэдэхээр сүүлийн 10 жилийн турш ярилаа. Хэзээ эргэлтэд оруулах юм. Нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэсэн байна. Гэвч яаж орлого нэмэгдүүлэх нь тодорхой бус байна.
Дүүрэг бүрт жижиг, дунд үйлдвэрийн борлуулалтыг дэмжих төв байгуулахаар тусгажээ. 2017 онд ийм зорилт байсан. Өнгөрсөн хугацаанд юу хийсэн, цаашид хэрхэн үргэлжлэх нь мөн л тодорхойгүй бус. Авто худалдааны цогцолборт ачаа тээврийн төв байгуулах болжээ. Олон хүнийг бухимдуулж байж авто худалдааны цогцолбор байгуулсан. Одоо ч асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа. Гэтэл тэр цогцолборыг тээврийн төв болгох асуудал оруулж ирлээ. Аливаа ажлыг гүйцэт хийгээгүй байж дараагийн асуудлыг ярих нь зохисгүй. Үйлдвэр технологийн паркууд сүүлийн зургаан жилийн турш хөгжсөнгүй. Эдгээрийг үр дүнтэй ажиллуулах ёстой инновацийн газар юу хийж байна вэ. Иргэдийг ажил, орлоготой болгохоор юу хийж байгаа юм бэ. Тал тал тийш үсчиж, аль үгүй тарамдаж орхисон гашуун сургамж бидэнд олон бий. Тиймээс сайтар нягтлах хэрэгтэй” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын асуултад Засаг даргын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “Налайхад байгуулах Барилгын материалын үйлдвэр технологийн ажил нэлээд урагшилсан. Дэд бүтэц татаж байгаа. 4.6 км авто зам тавихаар болж, ажлыг нь эхлүүллээ. Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн паркийн судалгааг хийлгэж байгаа. Түүхий эдийг хэрхэн нийлүүлэх асуудлыг тодорхой болго гэсэн үүрэг өгсөн. Ирэх онуудад хотын хоёр талд тээвэр, ложистикийн төв байгуулахаар болсон. Авто худалдааны цогцолборт зөвхөн машин зарахаас гадна өөр зүйл борлуулах шаардлага бий туд тул бид хэрэгжүүлэх бодлого барьж байна” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцээд, НИТХ-ын хороодын хуралдаанаар оруулж хэлэлцэхээр болов. Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдааныг энэ сарын 31-нд хуралдуулж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцүүлэхээр боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ