“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг дахин тоглогдоно

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 12,13,14-нд тоглогдох гэж байна.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойгийн найруулгаар тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.

Харин энэ удаад УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар Дорлигт СТА, жүжигчин О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, Дулмаад СТА, жүжигчин Н.Баярмаа, Б.Одгэрэл, Сэржмаад СТА жүжигчин Б.Одончимэг, Ц.Аззаяа нар тоглох юм.

Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрэв. Он цаг, жил сар улиран өнгөрсөөр хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн ч хувь тавилан нэг л өдөр Дорлиг, Дулмаа хоёрыг дахин уулзуулах учиртай байжээ. Гэвч тэр үед ……“Би эндээс явахгүй” жүжгийн үйл явдал ийнхүү өрнөдөг.

ТАСАЛБАРЫГ:УДЭТ-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаална.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …