“Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа

Дорноговь аймгийн Замын-үүд суманд байгуулагдсан “Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа. Олон Улсын стандартад нийцсэн энэхүү тээвэр логистикийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд болон гүйцэтгэгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус төвийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БНХАУ-ын Зам тээвэр, төмөр замын 21-р товчоо болон бусад туслан гүйцэтгэгчид хамтран барьж дуусган ийнхүү хүлээлгэн өгөв.

Логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,6 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж,1,6 км автозам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм. Мөн чингэлэг шилжүүлэн ачих 50 тонны даацтай хоёр өргөгч цамхаг ашиглалтад оруулсан нь хоногт 620 вагоныг шилжүүлэн ачиж, боловсруулах боломжтой болж байна.

Бүс нутгийн Логистикийн төв ашиглалтад орсноор манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болох юм. Тодруулбал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжил, арилжаа худалдааны эргэлт сайжрахад маш чухал хувь нэмэр үзүүлэх үндэс суурь болох юм.

 

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …