Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Мэргэжлийн ёсзүй хариуцсан дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Гадаад харилцааны зөвлөх Д.Тодням нар өчигдөр (2018.10.16) БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Виз хариуцсан консул Кил Кан Мугтай уулзлаа.
Уулзалтын үеэр сэтгүүлчдэд олгох олон удаагийн визний журам болон бусад асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Консулын зүгээс сэтгүүлчдэд олгох олон удаагийн визний журмыг боловсруулж дууссан бөгөөд тун удахгүй сэтгүүлчдэд танилцуулахаа мэдэгдсэн юм.
МСНЭ-ийн зүгээс Монголын сэтгүүлчдийг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн БНСУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв.
Олон удаагийн виз олгох болсноор Монголын сэтгүүлчид таван жилийн хугацаанд ажлын шугамаар БНСУ-д хэдэн ч удаа очиж, сурвалжлага хийх боломжийг нээж өгч байгаа юм.
Сануулахад, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээрМонгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт орсныг оны есдүгээр сард БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Кан Муг танилцуулсан. Хуучин журмаар олон удаагийн виз олгохдоо долоон шалгуур хангасан тохиолдолд виз олгодог байсан бол шинэ журамд 13 шалгуур заасан ба холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болсон юм.