Эртний түүхт улиастай хот, Этүгэн эх хэмээн сүслэх эрхэмсэг дагшин От- хан тэнгэр хайрхан (өдгөөгийн Отгон тэнгэр бурханы шашныхны “хайрласнаар” бүүр Очирваань хэмээгдэх хайрхан уулын язгуурын нэршил нь От-хан буюу Голомтын хан байсан гэсэн түүхэн сурвалжын мэдээ, баримт бий), ариун тунгалагын охь гэгдэх Бадархундага нуур, Богд, Чигэстэй, Идэр, Яруугийн голууд, аянчин, жинчиний зүрхийг чичрүүлэм Загастайн даваа, Ганцын даваа, түүх домог хадгалсан, Нарванчин хийдийн туурь, Яруугийн хүрээ, Өвгөн ламын хүрээний туурь, Дорнын их найрагч Явуухулангийн шүлэг бүтээлд алдаршсан Алдархааны хүрэн уулс, Хүүшийн өвөлжөө гээд л… хэдийнээ танил юм шиг санагдах ч, үнэндээ бол хөл тавьж амжаагүй байгаа Завхан нутагт очно гэхээс сэтгэл битүүхэн догдлоно.
Улиастай хотоос тус аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн, яруу найрагч Баяржавхлан маань холбогдож, “Бадархундага” баруун бүсийн зохиолчдын уулзалт, чуулган, яруу найргийн баярт хүрэлцэн ирэхийг урьсан боловч, тухайн цагт нь нэн шаардлагатай өөр ажил давхцаж, оролцох боломжгүй болсон тул өөрийн үүрэг оролцоог, Алтай салбарынхаа УЗ-ын дарга, зохиолч А.Жаргалсайханд ацаглан илгээхээр шийдэв. Гэвч аз тохиол таарч, товолсон цаг нь хойшилсон учир өөрийн биеэр хүрэлцэн очих боломж олдсон юм.
Аймгийн төв буюу Улиастай хотоос барууншаах дундаж өндөрлөг бүхий уул цармын хярыг барин зүтгүүлсээр гарах Таван булгийн хяр дээрээс “От –хан” тэнгэр хайрханы тэнгэрт дүүлэн тогтсон сүрлэг оргилыг хараачлан саатах зуур бодол сэтгэлд тийм нэг, ерийн бусийн мэдрэмж үелзэнэ. Тэнгэр цэв цэлийн дуниартаад, хайрханы оргил нэгэнтээ хяр, өндөрлөгийн дээрээс дүүлэн асах барс, ирвэс лугаа шалмаг хийгээд эрэмгий төрхийг үзүүлэх нь бахдалтай. Энэ хайрханд бараалхах, газар, газрын олон хайрханд авирч мөрөө гаргасан уулчин хүний хувьд бас ч гэж оргил өөд нь тэмүүлэх хүсэл байсаар авч ер бололцоо олдоогүйд харамсах бус харин ч учир начирыг эрэгцүүлэн тунгаах хүсэлд автах шиг… Тэгээд зүгээр л зөнгөөрөө тэр зүгт гурвантаа сөгдөн наминчилав.
Хяр дээр хамт гарч ирсэн хүмүүс, нэр цуут зохиолчид маань хайрхан хийгээд хангай дэлхийд өргөл өргөн сүслэж, аймгийн Хөгжим бүжгийн коллежийн оюутан морин хуурч залуу хүүгийн тоглосон эгшиглэнт аялгууг сонсож, найраг шүлгийн дээжээсээ уншицгаана. Завхан болон Говь-Алтай аймгийн яруу найрагч зохиолчдын хамтаар хайрханд уран бүтээлийн дээжээ өргөн барих завшаан тохиож “Хөх тэнгэрийн орон” шүлгээ дуудан сонсгосондоо сэтгэл их л тааламжтай…
“От-Хан тэнгэр”-ийн сүрлэг оргил
Бодлыг минь өргөж дээшээ гаргаад
Орчлонгийн хөлгүй алсад
Сэтгэл минь уусан цэнхэртэв
“Бадархундага”-ийн дөлгөөн мэлмийд
Амьсгал улам л цэнгэгшээд
Басхүү ийм нэг гэгээхэн учралд
Зүүд шиг хөтлөгдөхөд аньсага чийгтэнэ…гэх мөрүүд мөнөө үеэлзэн зэргэлээтэх бодлын чанадаас урган гарах нь бүдэг бадагхан.
Завхан нутаг бол уул хангай, тал хөндий, мөрөн голууд хийгээд цэлгэр их говь, нуур тойрмын нутаг аж. Бид нутгаас гараад 500-аад километр замыг туулан Улиастай хотод хүрэх зуур энэ бүхнийг ажиж явав. Ховд аймгаас Завхан хүртэл тосон зам тавигдаагүй учир олон жилийн өмнөх лугаа шороон замаар давхиулна. Хэдийбээр Монгол орны маань нутаг дэвсгэр дээгүүр тавигдсан тосон буюу засмал зам бараг бүх аймгуудыг холбосон гэх ч Ховд, Завхан хоёрын хоорондох зам нь улсын гол ач холбогдол бүхий тээврийн үндсэн замтай давхцдаггүй болохоор ийнхүү орхигдсон гэх. Хэдэн жилийн өмнө Ховд голын гүүрнээс 200-аад километрт бүхий Завхан аймгийн нутаг Тээлийн голын савд орших Сар хайрхан уул хүргэх, улмаар Тээлийн голын гүүртэй нийлүүлэхээр тосон зам тавьж эхэлсэн боловч ердөө 20 гаруйхан километр явуулаад орхиж, таг чиг болжээ.
Бид шөнө дөлөөр Улиастай хотод хүрч очсон бөгөөд Завхан аймгийн утга зохиолын нэгдлийн залуус өмнөөс машинтай угтаж авав. Газар газраас уригдсан зочдоо угтаж, байрлуулах гэж тэд тэр шөнө өөрсдөө ер амарч чадалгүй хонож байгаад нь санаа зовнимоор басхүү талархаж бахархамаар санагдана. Өглөө нь үргэлжлээд хөтөлбөрийн дагуу ажлууд өрнөж, мөнөө Завханы залуус маань тэр бүхнийг хариуцан зохион байгуулахад нойр, хоолоо умартана.
10 сарын 17-ны өглөө гэхэд Улиастай хотод Улаанбаатар хот, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Архангай, Төв зэрэг аймгаас нэгдсэн унаагаар МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджав абугай, Монголын урчуудын эвлэлийн холбооны ерөнхийлөгч, зураач Б.Төмөрбаатар, Монголын Чөлөөт зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал, зохиолч С.Товуудорж, МЗЭ-ийн БЗХ-ийн дарга, яруу найрагч Н.Пүрэв, нэрт найрагч Г.Ишхүү, Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, утга зохиол судлаач Д.Ганболд нарын тэргүүтэй 30 гаруй, мөн Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Увс аймгийн утга зохилын нэгдлийн удирдлага, зохиолчдын төлөөлийн хамт, Завхан аймгийн зарим сумуудын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Чухмыг хэлбэл энэ бол орон нутагт зохиогдож буй анх удаагийн хамгийн өргөн цар хүрээг хамруулсан уулзалт, чуулган болж таарч байгааг энд тэмдэглэх нь зүй.
Өглөөний хөтөлбөр ёсоор аймгийн төвийн зүүн хойт дэнж, “Жавхлант толгой” дээр байрлах Бурхдын Их Гүдүн цогцолбор, хутагтуудын гэрт бултаар зочлох ёстой байсан авч, шөнө оройтож очсоны улмаас түүнээс хоцорч орхив. Гэсэн ч магадгүй дараа дахиж ирэхийн шалтаг ч юмсан уу хэмээн, харамсахаас зайлсхийв.
Тэгээд аймгийн төв номын сангийн үүдэнд байх их найрагч Б.Явуухулангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, номын санд зочилж ном бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхох, Хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжлийн газрын их танхимд “Хөх тэнгэрийн орон” зохиолч, уншигчдын уулзалтанд оролцох үйл явдлууд үргэлжилж, үдийн хоол идсэний дараа Таван булгийн хяр өөд мордсон билээ.
Төрөлхтний хамгийн эрхэм нь оюуны өв сан
Завхан аймаг бол үндэстний оюун санааны өндөрлөгт цойлон гарч ирсэн номч мэргэд хийгээд утга соёлын цолгорсон төлөөлөгчдийн өлгий нутаг. Чухам тиймээс бүсийн хэмжээнд явагддаг яруу найргийн баяр, зохиолчдын уулзалтыг уламжлал болгож, өдгөө 12 дахь удаагаа зохион байгуулж буй хийгээд нутгаасаа төрөн гарсан хутагтуудын цогцолборыг бий болгосон, дорнын их найрагчаар алдаршсан Бэгзийн Явуухулан найрагчийн хөшөөг босгож, Явуугийн музей (бэсрэг үзмэрийн танхим)-ыг байгуулсан сэлт нь тун ч авууштай зүйл юм. Энэ бүхнийг санаачлан ажил үйлс болгож, цогцлоон босгоход багагүй хүчин зүтгэлээ зориулсан хүмүүс бол МУСГЗ, хутагтууд болон соён гийгүүлэгчдийн цадиг судлаач П.Батсайхан, мөн өдгөөгийн Засаг дарга Д.Батсайхан нар гэдгийг урьд, урьдын уншиж, сонсож байснаар багцаалан энд зориуд шигтгэхийг чухалчилав. Тэрээр Д.Батсайхан даргын хувьд аймгийг Засаглагчийн хувьд МЗЭ-ийн 90 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Бадархундага” чуулганыг зохион явуулахад ч гэсэн мөр ялгалгүй нэгэн үзүүрт сэтгэлээр, алга дэлгэж хандсан бизээ хэмээн таамаглана. Эдгээрт нэгэн хүчээр зүтгэсэн бусад зүтгэлтнүүдийг ч энд орхигдуулахыг түвдсэнгүй бөгөөд хамтад дурьдсантай адилтган үзэхийг хүсмүй.
Хүн төрөлхтний амьдралын түүхэн туршлагаас үзвэл өөрсдийн бүтээж бий болгосон намтар цадиг, нэн ялангуяа дундаасаа товойн гарсан, соёл, шинжлэх ухаан, утга зохиол, урлаг хийгээд бусад чиглэл дэх нэрт хүмүүс бүтээлчдийн өв санг дараа дараагийн үеийн дэлхийн төрөлхийтөнд өв, үзмэр болгон толилуулж, өөрийн нутаг орон, улс үндэстэний нэр хүндийг өргөх, аялал жуулчлалын бренд болгох, тэндээс эдийн засгийн тодорхой эх үүсвэр бий болгох явдлууд түгээмэл бий. Тухайлахад хойд хөршийн маань манай баруун аймгуудтай хил залгаа Алтайн хязгаарт байх Алдарт зохиолч Василий Шукшины өв хүрээлэн, алдарт зураач эрдэмтэн Николай Рерих, Чорос Гуркин (зураач Гуркин нь угтаа Ойрад Чорос угсааны Монгол хүн) нарын хөшөө цогцолбор, Өмнөд хөршийн Шинжаан Уйгарт гэхэд Алдарт Жангар туулийн хөшөө цогцолбор, Шинжааны зохиолчдын өв зэргийг дурьдахад хангалттай.
Тэрчилэн энэхүү үйл ажиллагааны хэд хэдэн зүйлийг онцлохыг хүссэн маань дээрх ёслол хүндэтгэлээс гадна манай сүүлийн үеийн утга зохиол, уран бүтээлчдийн аливаа томоохон үйл ажиллагааны хөтөлбөрт тэр бүр орохоо болчихсон зураачид, зохиолчдын хамтарсан чөлөөт уулзалтыг зохиох, уншигч зохиолчдын уулзалт хийх, бүсийн аймгуудын утга зохиолын салбар нэгдлийн удирдлагуудыг тухайн салбарын орон нутаг дахь амьдрал, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, таниулга хийх боломж олгох, зохиолчдын үндэсний байгууллага (МЗЭ) болон салбар, нэгдлийн удирдлагуудын уулзалтыг зохион байгуулж, халуун яриа өрнүүлэхийг хичээсэн нь туйлаас олзуурхууштай.
Уулзалт, наадмыг гардан зохион байгуулсан Завхан аймгийн утга зохиолын нэгдлийн тэргүүн, яруу найрагч Б.Баяржавхлангийн тухайд үйл ажиллагааныхаа гол зорилго хийгээд онцлогыг бүдэгрүүлэхгүй байхыг хичээж, бүс, орон нутаг руугаа илүү ач холбогдол өгөх, хөтөлбөрийн бүхий л хэсгүүдийг тэнцвэртэй болгох, ахмад, дунд, залуу үеийнхний харилцан нэгдэл, нягтралыг эрхэмлэх зэргийг ихээхэн чухалчилж байгаа нь юм юман дээр харагдаж байлаа. Тэрбээр аливаа зүйлийг бодитоор тунгааж, зохицуулах чадвар сайтай, өөрийн гэсэн чиг, зорилго хандлагатай, манлайлагч авъяаслаг яруу найрагч болохоо үйл ажлаараа илтгэх шиг.
Энэ бүхнийг залгуулан үргэлжлүүлж, түгээн дэлгэрүүлэх аваас бүсийн утга зохиолын салбарт төдийгүй, үндэстний соёл, оюун бодлын талбарт хүлээгдэж буйг дүүргэхэд нэмэр тус болох нь магад. Чухам иймийн тул бидний зүгээс дараагийн бүсийн уулзалт чуулганыг 2019 онд Ховд аймагтаа хийхээр шийдвэрлэж, чуулганы үеэр зарлан мэдэгдсэн билээ.
Таван булгийн хяраас бууж ирсэний дараа “Бадар хундага” яруу найргийн наадам эхлэв. Энэхүү наадам буюу “уралдаант уншлага” бараг дөрөв, таван цаг үргэлжлэх шиг болсон. Уралдаант уншлага нь гурван шатлал буюу даваатайгаар дараа дараагийн шатлалд унших найрагчдыг сонгон үлдээх хэлбэрээр явагдсан ба нийт 36 найрагчаас эцсийн гурав дахь шатлалд таван найрагчийг сонгон үлдээж уншуулан, дэс дараалуулж байр эзлүүлэв. Шүүгчдээр Чойномын өд сангийн тэргүүн, утга зохиол судлаач Д.Ганболд, МЗЭ-ийн БЗХ-ийн дарга Н Пүрэв, МУИС-ын багш н.Чойдогжамц, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Завхан аймгийн УЗН-ийн тэргүүн Б.Баяржавхлан, уран зохиол судлаач, Завхан аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Д.Цэрэнбат нар ажилласан.
Шүлгээ дуудсан найрагчдаас Дундговь аймгийн уугуул, Хөвсгөл аймагт аж төрөн амьдарч буй яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс тэргүүн байр эзлэж, цом, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал,дурсгалын зүйл, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул МЗЭ -ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан дэд байр эзлэж, 800.0 мянган төгрөг, дурсгалын зүйл, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүй гутгаар байр эзлэж 600.0 мянган төгрөг дурсгалын зүйл, Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул яруу найрагч А.Бөхням дөрөвт шалгарч 400.0 мянган төгрөг, дурсгалын зүйл, Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гансүрэн тусгай байр эзлэж 200.0 төгрөг, дурсгалын зүйлээр мялаалгав. Шүүгчид энэ наадмыг шүүх гэж багагүй зүдэрсэн болов уу гэх янз наадмын явцад ажиглагдсан нь, тэд нэг дэх шатны дүнг гаргах гэж бараг цаг шахам болсон зэргээр илэрч байв. Наадмын эцсийн дүн гарсны дараа зарим нэг найрагч шүүлтэнд сэтгэл дундуур байгаагаа ч илэрхийлэв.
Ер яруу найрагчид, шүлэгчдийн шүлгийг зохиолыг шүүн тунгааж, байр эзлүүлнэ гэдэг тун чиг амаргүй бөгөөд, яг ингэж болох эсэх тухайд ч ихээхэн ээдрээтэй зүйл гэдэг талаар миний бие урьд хэд, хэдэн нийтлэлдээ цохлон үгүүлж байсансан.
Гэлээ ч тэнд төдий олон найрагчид шүлэг зохиолоо дуудаж, олонд хүргэнэ гэдэг нь тун чиг чухаг. Түгээмэл хийгээд өвөрмөц содон хэмнэл, эрчимийн илрэл болсон тэрхүү бүтээлүүдийн хөг ая, хүч, эрчис нь тухайн газартаа өөрийн нөлөө, долгионыг үүсгэж, хүмүүний сэтгэл бодолд хүч өгдөг гэдэгтэй хэрхэн маргах…
Уулзалт чуулганы хамгаас сэтгэл бахдам үйл явдлуудын нэг бол их найрагч Бэгзийн Явуухулангийн төрсөн бууц, Хүүшийн өвөлжөөнд зочлох явдал байсан юм. Шовх, шовх оргилууд нь огторгуйн цэнхэрлэгт сүглийсэн хүрэн, хүрэн уулсын дундуур намрын хонгор салхин сэтгэл аргадан сэвэлзэнэ. Уулсынхаа дундуур уужран суналазах шаргал хөндийгээр аялж, мөнөөхөн улбар хүрэн уулсын хормойд хөлгүй хөглөрөх хүрэн бууцны хөлөөр алхахад сэтгэл ээнэгшим хийгээд бодолд нэг л дулаахан.
Хүүшийн өвөлжөө, Тасархайн бууц
Хүрэн уулс, шаргал хөндий
Голоосоо ээнэгшим нутаг газрыг нь
Гарынхаа алган дээр хорголон, бүүвэйлмээр
Анирлах хөдөө – Амгалан тэнгэрт нь
Аминчхан үгсээ дураар урсгамааар
Ай даа намрын энэ санаашринга аяз
Алсын тэр хөхөмдөгт мэдрэгдэнэ….
Хүрэн бууцны эхэнд мөнөө л өсвөрийн морин хуурчид маань яруу сайхан аялгуугаа эгшиглүүлэн хуурдаж, биднийг угтав. Тэнд зураачид, зохиолчид цугаар зураг зурж, шүлэг бичиж, элдвийг хүүрнэлдэн, хууч хөөрч, бас Алдархаан сумаас зочдод зориулан барьсан гэрт бэсрэгхэн уулзалт хийж, МЗЭ-ийн удирдлага, болон баруун бүсийн зохиолчдын салбар нэгдлийн удирдлагууд зөвлөлдөн хэлэлцэж, сумынхны гар гарган бэлдсэн, идээ шүүс, амтат зоогоор дайлуулан өнжисөн маань юу, юунаас таатай. Орой нь Алдархаан сумын төвд зочилж, ТВ нэвтрүүлэгт оролцож, хаалтын цэнгүүн хийв.
Энд өөрийн бас нэгэн аминчхан зүйлийг хавчуулан хамтатгахыг хүссэн маань Улиастай хотод суудаг уулын спортын нөхөдтэйгээ уулзалдах завшаан тохиосон явдал юм. Ер өнөө цагийн Монголын уулын спортыг оройлогчдод Завханчууд өндөр суурь эзэлдэг. Нийслэлд аж төрж буй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын гавъяат тамирчин, дэлхийн долоон тивийн ноен оргилыг эзлэгч буюу /seven sammiter/ Б.Гангаамаа, Завхан аймагтаа аж төрж буй олон улсын хэмжээний мастер, Гималайн ноёлог оргилуудын нэг дээр Монгол дээлтэйгээ гарч олныг гайхшруулсан нэрт уулчин Ө.Батманлай, чадварлаг уулчин, спортын дэд мастер С.Болор-Эрдэнэ, М.Пүрэв, З.Дашдэлгэр нартай нэгэн баг болж, уулын амьдралын жаргал, зовлон дунд ижилдэж явдагийн хувьд энэ уулзалт ч нэн эрхэм байсан билээ.
Гурван хоног үргэлжилсэн уулзалт, чуулганы төгсгөлд нутаг, нутгийн зүг мордож буй нөхдийг үдээд, түүхт Улиастай хот, эрхэмсэг дагшин “От хан” хайрхан, Богд, Чигэстэйн голоос алслан холдох тусам, тэндхийн ээнэгшим сайханд битүүхэн сэтгэл хоргодсоор явав…
Хиргис Г.Төрмөнх (яруу найрагч, зохиолч)