Гал түймэрт гурван том хүн, хоёр хүүхэд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2018.10.24/ үүрээр болжээ.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 04:37 цагт ирж, аврагчид хэргийн газарт цагт 04:45 цагт очиход таван ханатай гэр шатаж, нэр, нас, хүйс тодорхойгүй гурван том хүн, хоёр хүүхэд өртөж нас барсан байсан аж.
Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Мөн “Соната” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг унтрааж, аюулгүй болгосон байна.
Иймд онцгой байдлын ерөнхий газраас гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг шүдэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.