Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэд тохилдсон харамсалтай хэргийн улмаас түүний гэр бүл, найз нөхөд, хамт олныг хүндэтгэх үүднээс Боловсрол телевизийн хамт олон “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ цацахаа зогсоож түр завсарласан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргахыг талийгаачийн гэр бүлийнхэн хүссэн бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу 11-р сарын 18-ны ням гарагаас эхлэн нэвтрүүлэг хэвийн цацагдахаар болжээ.
Нэвтрүүлгийн бичлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд телевизийн багийнхан 11 дугаарын бичлэгийг 8-р сарын 22-ноос 10-р сарын 01 хүртэл бичиж дууссан бөгөөд бичлэг дууссан өдрөөс хойш оролцогчид өөрсдийн гэртээ харьсан юм. Өнгөрсөн хугацаанд нэвтрүүлгийн гурван дугаар үзэгчдэд хүрч дээрх хүндэтгэх шалтгааны улмаас дөрөв дэх дугаар гарахгүй завсарласан юм. Ийнхүү энэ долоо хоногт ням гарагийн 21:00 цагаас дөрөв дэх дугаар үзэгчдэд хүрэхээр боллоо. Нэвтрүүлгийг гаргах хүсэлтийг талийгаачийн гэр бүлийнхнээс тавьсан бөгөөд түүний ээж Г.Чимгээгийн илгээсэн хүсэлтийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
“Сайн байцгаана уу, цаг үргэлжид миний охины төлөө чин сэтгэлээ зориулж байсан та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлэн мэндчилж байна. Миний охин хамгийн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй, нөхөрсөг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байсан гэдгийг энэ мөчид дурсан санаж түүний тухай сайхан бүхнийг та бүхэнтэй хуваалцаж байна. Миний охин хар багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд Монголын болоод дэлхийн загварын салбарт нэр хүндтэй модель болох эхлэлээ тавьж чадсан гэж би боддог юм. Учир нь түүний оролцсон тэмцээн уралдаан, зураг авалт, шоу нэвтрүүлгүүд загварын салбарынхан болоод үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж хэзээд дурсах гайхалтай түүх болж чадсаныг хараад бахархах мэдрэмж төрж буйг илэрхийлье. Түүний мөрөөдөл нь “Next top model” болох байсан. Тиймээс ч Боловсрол телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт амжилттай оролцсоор ирсэн. Түүний болоод зорилго нэгт олон охины мөрөөдлийг биелүүлэхээр ажилласан уг нэвтрүүлгийн багийнхан болоод охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэн үлдсэн дугааруудыг үргэлжлүүлэн цацахыг гэр бүлийнхнийх нь зүгээс албан ёсоор хүсч байна. Бидний уй гашууг хуваалцан нэвтрүүлгээ түр завсарласан Боловсрол телевизийн хамт олонд талархаж охины минь оролцсон хамгийн сүүлийн нэвтрүүлгийг гаргаж гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийг хүсье. Иймд үзэгч та бүхэн манай гэр бүлийн хүсэлтийг хүлээн авч нэг зорилгын төлөө хичээн чамгүй урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн оролцогч охид болоод уран бүтээлчдийг хүндэтгэн “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ элдэв сөрөг сэтгэгдэлгүйгээр хүлээн авч үзнэ гэдэгт найдаж байна.
Хүндэтгэсэн: Г.Чимгээ” гэжээ.