Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин”инээдмийн жүжиг Монголын тайзнаа амиллаа

Улсын драмын эрдмийн театрын 87 дахь үзвэрийн нээлтээ энэ сарын 15-ны өдөр Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгээр нээлээ.

Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн бүтээл болох “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд найруулагч Н.Ганхуяг найруулан Монголын үзэгчдэд хүргэж байсан байна. Тэгвэл театрын уран бүтээлчид “Оддын өвчин” инээдмийн жүжгээрээ Людвигийн уран бүтээлийг үргэлжлүүллээ.

“Оддын өвчин” жүжгийн ерөнхий найруулагчаар Ч.Түвшин, орчуулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, ерөнхий зураачаар С.Ариунболд ажилласан бол жүжгийн продюсероор Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ажиллажээ.

“Оддын өвчин” жүжгийн гол дүрүүдэд Ц.Жаргалсайхан, Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Намуун, Г.Алтангэрэл, Н.Баярмаа, Б.Золжаргал нарын уран бүтээлчид тогложээ.

“Хүн өөрөөрөө байх тухай, аз жаргалын төлөө хүн өөрөө эзэн байхын тухай харуулахын хэрээр “Өнөө цагт хүн болгон л манлайлагч-лидер” болох гээд олноос онцгойрсон “Од” болох гэж улайран зүтгэж байна. Үүнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж, хаяж явна. Ингэж болохгүй юм” гэсэн санааг уран бүтээлчид “Оддын өвчин” жүжгээр харуулахыг хүсчээ.

Тус жүжгийн тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ урьд өмнө байгаагүй сценографийн урлагт шинийг эрэлхийлснээрээ тун өвөрмөц болсныг онцолж байна.

“Оддын өвчин” жүжигт АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигтай тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгчид Титог тэсэн ядан хүлээж буйгаар энэхүү жүжгийн үйл явдал эхлэх юм.

Тоглолтын тасалбарыг: УДЭТ-ын касс, WWW.TICKET.MN, Үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаалж байна.

“Оддын өвчин” жүжгийн тоглолт 11-р сарын 17,18,21,22,23,24,25-ны өдрүүдэд тоглогдоно.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …