Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөг хүртэл намынхаа нөмөр нөөлгөөр улс төрд дараалан сонгогдож сангийн сайдаар хүртэл ажиллаж үзсэн нэгэн. Төрд шударга зүтгэсэн үү гэвэл бас үгүй. Байнга хэл ам дагуулж байдаг өөрийн хувийн компанидаа төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар 2019 оны төсөвт суулгуулсан явдал ашиг сонирхлын зөрчил дагуулж байна.

Тодруулбал нийслэл дэх  ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дээр нь барилга байшин барьж хөрөнгөжсөн гэлцдэг эрхэм гишүүний Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилга ирэх оны төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар болж байгаа юм.

Уг нь бол ийм хэмжээний цэцэрлэг,сургуулийн цогцолбор дунджаар 10 тэрбум орчим төгрөгт багтдаг аж. Гэтэл Б.Чойжилсүрэн гишүүн Сангийн сайд байхдаа өөрийнхөө бизнест давуу эрх олгож 15  тэрбум төгрөг гэж үнэлжээ. Сайдын албанаас буумагцаа Төсвийн байнгын хорооны даргын суудалд сууж 19 тэрбум орчим төгрөг болгосон баримт байна.

Нарны хороололд байр худалдан авсан 5700 орчим иргэнд улсын сургууль, цэцэрлэгтэй хотхон хэмээн сурталчилж зарчихаад, дараа нь болохоор энэ бол төлбөртэй сургууль, цэцэрлэг хэмээн хулхиджээ. Тус хорооллын иргэд “Бид сургууль, цэцэрлэгтэй гэсэн учир өндөр үнэтэй байр худалдаж авсан. Тиймээс бид хувийн төлбөртэй, цэцэрлэг, сургуульд хүүхдээ явуулж чадахгүй. Иймд тус цэцэрлэг, сургуулийг улс авна уу” гэсэн хүсэлт тавьсан учир хуулийн дагуу санал боловсруулагдсан байгаа юм.

Ингээд Ж.Эрдэнэбатын Засгийн газар  “Хурд” группын барьсан “Нарны хороолол” дахь сургууль, цэцэрлэгийн барилгыг төрд авах шийдвэрийг гаргажээ. Одоогийн Сангийн яамны ажлын хэсэг удаа дараа үнэ буулгах санал хүргүүлсэн ч Б.Чойжилсүрэн гишүүн үнэтэй материалаар барьсан,газраа 2 тэрбум төгрөгөөр авсан гэж тас гүрийсэн байдаг. Хувийн хэвшлийн барьсан барилгыг төр хэт өндөр үнээр авах гэж байна гэсэн шүүмжлэл нэг хэсэг өрнөсөн ч эцэст нь Б.Чойжилсүрэн  гишүүн хүслээ гүйцээсэн. Өөрөөр хэлбэл тэрээр дунджаар 10 орчим тэрбум төгрөгт баригдах барилгыг 19 тэрбум төгрөгт хүргэж 2019 оны төсөвт суулгаж чадлаа. Татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрээр 9 тэрбум төгрөг шамшигдууллаа. Гишүүн гэх сэтэр зүүсэн хичнээн хүн энэ мэтээр биднээс хулгай хийсээр байх вэ… 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …