УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр ангийн нөхөр С.Бямбацогтын хамт МАН-ын Удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүд албан тушаалаа урвуулан ашиглан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдож байгаа учир Удирдах зөвлөлийн хуралдаа суух болон санал өгөх эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлсэн талаараа мэдэгдэн, хэвлэлийн бага хурал хийсэн.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас сэтгүүлч “Таны хамаарал бүхий “Эм Си Эс” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлсөн үү” гэж асуухад тэрбээр “Эм Си Эс” миний хамаарал бүхий компани биш. Тэгээд ч “Эм Си Эс” компани Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй” хэмээн хариулсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга Л.Энх-Амгалангийн дээрх хариулт худал болохыг баталсан баримт байна. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслийн орлогоос эргэн төлөгдөх төслүүдийн зээлийн нэгдсэн мэдээ”-нд “Эм Си Эс”-ийнх гэдгийг нь монгол даяараа мэддэг “Скай резорт” ХХК “Асем вилла цогцолбор хотхон” төсөлдөө 2016 оны гуравдугаар сарын 04 болон 2016 оны тавдугаар сарын 05-нд нийт 65 тэрбум, мөн 2016 оны есдүгээр сарын 25-нд 60 тэрбум, нийлбэр дүнгээр 125 тэрбум төгрөгийн зээл авсан баримт нь дурайж байна. Эргэн төлөгдөх нөхцөл нь хэвийн ангилалтай, жилийн 8 болон 16 хувийн хүүтэй зээлийг 2021 онд төлж дуусахаар тооцоог гаргажээ. Энэхүү зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлсэн байна.
Дээрх зээлийг авсан “Скай резорт” ХХК нь “Эм Си Эс”-ийнх гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ. Энэхүү баримтаар бол Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн шиг “Эм Си Эс” ХХК Хөгжлийн банкнаас зээл аваагүй гэдэг нь няцаагдаж байна.
Тэрбээр мөн “Эм Си Эс” миний хамаарал бүхий компани биш” хэмээсэн. Тэгвэл хамаарал бүхий компани мөн гэдэг нь АТГ-т өөрийнх нь гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс ойлгомжтой харагдана. АТГ-т хамгийн сүүлд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эм Си Эс” ХХК-д хөрөнгө оруулсан, 5869600 ширхэг хувьцаа эзэмшдэг буюу тус компанийн 3 хувийг ашиг хүртдэг гэдгээ мэдэгдэн, хамаарал бүхий компани нь мөн гэдгээ өөрөө баталжээ. Хэрвээ хамааралгүй бол АТГ-т үүнийгээ мэдээлэх хэрэг байгаа гэж үү. Хуулийн дагуу хамаарал бүхий болоод л АТГ-т түүнийгээ тайлагнаж байна гэсэн үг юм, энэ нь.
Хэвлэлийн бага хурал дээр тэрбээр мөн “Өмнөх УИХ-ын үед Хөгжлийн банкийг шалгах Ажлын хасгийг би ахалж шалгасан. 2016 онд бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн” хэмээн гэмгүй нэгэн гэдгээ батлах гэсэн мэт сүржин үгийг хэлж байсан. Ингэлээ гээд үнэнийг, бодит байдлыг төөрөгдүүлж, иргэдийг мэхэлж чадахгүй. Хэрвээ үнэхээр шударга нэгэн байсан бол Хөгжлийн банкийг ахалж шалгахад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгээ ил тод мэдэгдээд, татгалзах байлаа. Гэтэл тэр тэгээгүй, шалгасан. Харин энэ ажлын хэсэгт нь орсон гишүүд түүний ахалсан шалгалтын дүнг үл хүлээн зөвшөөрсөн үү, яасан гарын үсэг зурахаас зарим нь татгалзсан байдаг.
Ийм л жижигхэн, үнэн бодит, мэдээжийн асуудлыг эргүүлж тойруулан худалтай хутгаж, гэмгүй хүний дүрд тоглох нь хууль тогтоох байгууллага, төрийн түшээ хүний ёс зүй мөн гэж үү… Эрх барьж байгаа төрийн түшээ ард түмний татварын мөнгө, гадны зээл тусламжаас орж ирсэн мөнгөнөөс өөрийн нөлөөгөө ашиглан хулгай хийснээ хүлээн зөвшөөрөхгүй гүрийсээр байгаа. Хууль хяналтынхан нь үнэн худлыг нь ялгаад гаргаад ирнэ. Эсвэл цаг хугацаа үнэн худлыг харуулна. Харин ядаж худлаа хэлэхээсээ ичдэг болоосой доо, эрхэм гишүүд.