Д.Цэвээнжав:Ерөнхий сайдын  хэрэгжүүлж буй бодлогыг намын ахмадууд дэмжиж байна

Монгол улсад ЗГ болон УИХ-ыг тараах ямар ч шаардлага байхгүй гэж МАН-ын ахмад гишүүд анхааруулж байна. Улс төрийн ууган намд боловсон хүчний хомсдол байгаадаа бус харин эрх баригч намыг хагаргах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зорилтот бодлого байхыг үгүйсгэхгүй. Аль болохоор төрт улс нь бужигнаж байвал өөрсдөд нь ашиг хонжоо гарч ирдэг хүмүүсийн эсрэг Ардын засгийн газар тогтвортой ажиллахыг ахмадууд шаардаж байна.

Түүнчлэн эрх мэдлийн төлөөх өширхсөн тэмцэл нь олон түмний итгэлийг дааж олонхи болсон намын хувьд байж болшгүй явдал юм гэв. Тухайлбал МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярвааг бүлгийн гишүүд нь өөрсдөө гар өргөн албан тушаалаас нь чөлөөлсөн. Ерөнхий сайдын эрх мэдлийнхээ хүрээнд халсан гэж ойлголт зохион байгуулалттай нийгэмд түгээсэн ташаа ойлголт хэмээн ахмадын холбооны тэргүүлэгчид хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Түүнчлэн Засгийн газрыг танхимаараа тогтвортой, эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллах ёстой БСШУС-ын сайд Ц.Цолгзолмаа нь Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан цөөн хүний дунд төөрч яваа нь өөрөө ажлаа хийж чадахгүй гэж хардахад хүргэж байна. Иймд МАН-ын нийт гишүүд болон төрд олон түмний итгэлийг олж хууль тогтоох албанд хариуцлагатай алба хашиж буй гишүүдийг хувийн эрх ашгаас илүү улс орны эрх ашгаа нэн тэргүүнд тавьж тогтвортой амжилттай ажиллахыг МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүлэгчид нийт ахмадуудаа төлөөлөн шаардлаа.

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүлэгчид

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны Тэргүүн Ц.Сүхбаатар:Өнөөгийн Улс төрийн цаг үеийн асуудлаар намын жирийн олон гишүүд санал хүсэлтээ манай ахмадын холбоо руу сүүлийн үед маш их хандаж, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг намын удирдлагуудад анхааруулаач гэсэн санал хүсэлт маш ихээр ирж байна. Иймд манай холбооноос Намын удирдлагад шаардлага хүргүүлэн энэхүү мэдээллийг хийж байгаа юм.

Ардын жүжигчин, МУ-ын хөдөлмөрийн баатар Б.Зангад:Эрх баригч намын хэсэг хүмүүс тууштай тогтвортой байдлыг хангах бус нэгнээ огцруулах гарын үсэг цуглуулан замбараагүй байдал үүсгэж байгаа явдал нь манай намд хариуцлагын тогтолцоо сул байгаагийн нэг илрэл. МАН-ын гишүүн болж жараад жил болж байгаа хүний хувьд одоо манай нам дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл зөрчил нь түүхэндээ байгаагүй явдал болж байна гэж харж сууна.

УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав:Нийгэм, эдийн засагт хор хохирол учруулж буйг илрүүлэн, хариуцлага тооцсон явдалд зарим төрийн түшээд маань ихэд эмзэглэж намын эв нэгдлийг хагаргах замаар өөрсдийн эрх ашгаа хамгаалж байна. Ингэж намын болон төрийн идээ бээрийг шахаж гаргаж байж улс орон цаашид тогтвортой хөгжих жамтай. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй бодлогыг манай намын олон олон ахмадууд дэмжиж буйгаа илэрхийлж байна.

МАН-ын ахмад гишүүн Я.Гонгор:Өөрсдийн хувийн хэвшлээ өөд нь татах гэсэн нөхдүүд төрж шургалж орчихоод Засгийн газрын ажлыг явуулахгүй байна. Манай улсад нэн яаралтай хийгдэх ёстой байсан нефтийн үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж гээд олон ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх амжилттай эхлүүлээд байна. Энэ ажлыг Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан нөхдүүд таслан зогсоох ажлыг хийж байна.

Ахмад хуульч Н.Сосорбарам:Өнөөдөр Засгийн газрыг огцруулна гэж байгаа гишүүд итгэж дэмжсэн Монголын ард түмний өмнө хууль ёсны дагуу ажиллахаар ариун тангаран өргөсөн улс. УИХ-ын гишүүд хуулиа дээдэлж ухаанаараа уралдаж ажиллах ёстой.

Ардын их хурлын дарга асан, МУ-ын гавъяат эдийн засагч Ж.Гомбожав:Энэ цаг үе УИХ-ын 75 гишүүний хэн нь хэн бэ, хэн нь ард түмнийхээ төлөө ажил хийж байгааг маш сайн таниулж харуулж байна. Үндсэн хуулинд олонхи ба цөөнх гэж байдаг болохоос “сөрөг хүчин” гэж үг байхгүй. Иймд АН-ын нөхдүүд маань МУ-ын хувь заяаны төлөө сөрөх эрх байхгүй. Амьдралд сөрөхгүй зүйл гэж байдаг юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …