Ч.Түмэнбаяр тэрбум төгрөгийн хохирол төлүүлчихээд байрыг нь барьцаалжээ

7a50e03387dda7a0bigСөөм газар ч тэнгэрт хадсан үнэтэй болсон энэ үед нийслэлд өөрийн өмчлөлийн байр, газартай байх нь нэг насны хувь.

Хамгийн наад зах нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авчихна. Харин түрээсийн байр бол өөр. Үргэлж бусдын мэдэлд байж, хэзээ хөөчих бол, түрээсээ нэмчих болов уу гэсэн айдас дунд амьдардаг.

Яг ийм айдастай амьдарч байгаа хэсэг оршин суугчид байна. Гэхдээ тэд байраа аль 10 гаруй жилийн өмнө худалдаад авчихсан ч ордероо одоо хүртэл авч чадахгүй шүүх, цагдаадаа тулж, төрийн бүхий л байгууллага, албан тушаалтанд хандаад нэмэргүй болжээ.

Тэд бол Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороон дахь 283 дугаар байр буюу хуучин “ТЭЦ-4”-ын ажилчдын байрныхан. Оросууд гарахдаа уг байрыг зарж “ТЭЦ-4” авсан гэдэг. Гэтэл 2005 оноос Ч.Түмэнбаяр гэх этгээд гарч ирэн өөрийнх нь өмч хэмээн зарласнаар бүх хэрэг манджээ.

58 айлын уг орон сууцыг Оросын “Росворужение” гэх компани 1997 онд “Тас” гэх компанид шилжүүлсэн гэх. Тухайн үеийн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас 1998 оны тавдугаар сард гэрчилгээ олгожээ. Гэтэл уг байр дөрвөн жилийн өмнө буюу 1993 онд “ТЭЦ-4”-ийн мэдлийнх болсон байж. Уг байдалд төрийн байгууллага хариуцлагагүй, хайнга хандсан гэнэ.

“ТЭЦ-4”-ийн мэдэлд ирснээр ажилчид байранд орж эхэлжээ. Тухайн үед тамга тэмдэггүй цэнхэр ордер иргэдэд өгсөн байна. Гэтэл 2005 оноос одоогийн Уул уурхайн сайд Ч.Ганхуягийн ахлах зөвлөх, Монголын ноос ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Түмэнбаяр гарч ирээд өөрийн өмч хэмээн маргалдаж, шүүхдэх болжээ. Учир нь Засгийн газар 2004 оны 136 дугаар тогтоол гарган Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь оршин суугчдад хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Ч.Түмэнбаяр уг байдлыг эсэргүүцэж шүүхджээ. Тэрээр оршин суугчдад хохирлоо барагдуулсны дараагаар ордерыг нь гаргаж өгнө гэж амалсан гэнэ. Гэвч одоог хүртэл ордерыг нь гаргаж өгөөгүйд оршин суугчид бухимдаж сууна. Учир нь энэ хооронд Ч.Түмэнбаяр улсаас хохирлоо барагдуулж, нэг тэрбум 666 сая төгрөг гаргуулж авчээ.

Энэ тухай тус байрны “Буурал тэс” СӨХ-ны захирал Ж.Сарантуяатай ярилцлаа.

Ж.Сарантуяа: ТӨХ ГАНЦХАН ӨМЧӨӨ ДИЙЛЭХГҮЙ БАЙГААД ГАЙХАХ ЮМ

-Танай байрныхан одоо хүртэл ордероо авч чадахгүй байгааг Ч.Түмэнбаяртай холбон тайлбарлаж байна?
-Бидний олон жил амьдарч байгаа орон сууц одоо хүртэл ордергүй байгаа нь Ч.Түмэнбаяртай холбоотой. Тэр зөвшөөрөлгүйгээр миний байран дээр энэ хүмүүст ордер бичиж өгсөн байна гээд Засгийн газрыг буруутгаж шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэрээр Засгийн газрыг буруутгаж нөхөн олговор өгсөн. Бидэнд болохоор энэ чинь миний өмч, энэ байранд хэнийг суулгах нь миний эрх гэдэг.

-Тэгээд одоо асуудал хэрхэн шийдэгдэж байна?
-Ч.Түмэнбаярыг мөнгөө авсных нь дараа өгөх байх гэж бодтол мөнгөө авчихаад дахин манж зан гаргасан. Бид Хуульзүйн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн хороо гээд яваагүй газар байхгүй байна. Ингэж явсаар байгаад энэ байр маань Төрийн өмчийн хороонд очиход хүлээж аваад шийдэж өгөхөө амалсан. Гэтэл бас л бүтээгүй. Бид арга ядахдаа Үл хөдлөх хөрөнгийн газар очтол Ч.Түмэнбаяр уг байрыг барьцаанд тавьж зээл авсан болохыг хэлсэн. Мөнгөө аваад хоёр жил болчихсон байсан хэрнээ энэ хугацаанд биднийг хуурсаар л байсан юм билээ.

-Төрийн өмчийн хороо ямар шийдвэр өгөв. Нэг л өмчийг ингэж удаан шийдвэрлэж чадахгүй яваа гэж үү?
-Байр барьцаалж зээл авсныг ТӨХ-д дуулгахад ямартаа ч актаар улс хүлээгээд авчихсан болохоор авах ёстой гэсэн.

-Та бүхэн олон газраар явсан гэсэн байх аа?
-Бид Ч.Түмэнбаярын талаар Ч.Ганхуяг сайдтай уулзаж хүртэл үзсэн. Гэтэл манай дүүргээс сонгогдсон хэрнээ “Мэдэж байгаа. Тэр хүнийг та нар өрөвдөх ёстой. Тийм их өртэй хүнийг та нар яагаад өрөвдөхгүй байгаа юм” гэсэн хариултыг өгсөн. Мөн бид Авлигатай тэмцэх газарт хандахад Ч.Түмэнбаярын хэргийг залилангийн хэрэг болох магадлалтай гэж сануулга өгсөн. Түүнээс хойш тэр өгөхгүй гэхээ больж, ордерийг нь чинь өгнө л гэдэг болсон. Бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш энэ асуудлыг хөөцөлдөж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд ордерыг маань гаргаж өгнө гэж хуурсаар л явна.

-Ордергүй байх нь оршин суугчдад наад захын зээллэгт хамрагдах боломжгүй болно биз?

-Тэгэлгүй яахав. Ядаж засвар хийж чадахгүй байна шүү дээ. Байраа барьцаанд тавьж эргэлтэд оруулъя гэхээр болдоггүй. Үүн дээр л маш их хохирч байна. Бид энэ байдлаас болж байраа засч чадахгүй амьдарч байна. 10 гаруй жил хүний байранд байгаа юм шиг. Бид ч байраа засуулъя гэхээр нэг өдөр нэг хүн гарч ирээд хөөгөөд явуулчихвал яах юм. Ч.Түмэнбаяр ТӨХ-нд ордероо өгнө гэж хэлдэг, бүр 14 хоногийн дотор өгнө гэсэн гарын үсэг зурж өгсөн байдаг. Гэтэл одоо хүртэл байхгүй. Бид одоо хэнд итгэж, хаашаа явахаа гэдгээ мэдэхгүй болчихоод байна.

-Тэгвэл одоо цаашид хэрхэх вэ?
-Ч.Түмэнбаярт итгэхийн аргагүй болсон. Өөдөөс байж бай, хүлээж бай гэдэг үгнээс өөр үг хэлэхээ больсон учир бид та бүхэнд хандаж байгаа юм. Бүхэл бүтэн ТӨХ байж ганцхан өмчөө мэдэхгүй байгаад гайхах юм. Яагаад ганц луйварчингийн амаар яваад байдаг юм бэ. Улайм цайм луйварчин гэж би хэлнэ. Улсаас тэрбум гаруй төгрөг авчихсан. Үүний учрыг яагаад ч олохгүй байна. Энэ хүнийг улсаас мөнгө авсанд буруутгахгүй. Аваад чадчихаж. Яагаад бидний эд хөрөнгийг суллаад өгчихөж болдоггүй юм бэ.

Б.Энхзаяа

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …