Ш.Энхтөр:Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна

Өчигдөр 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс жирэмсэн ээж  хүйтэн шөнө гадаа төрсөн тухай мэдээлэл цахим орчинд дэгдээд байна.

Энэхүү асуудалтай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр өөрийн фэйсбүүк хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.

Тэрбээр”Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны тусламжийг үзүүлжээ.Улмаар эхийг эмнэлгийнхээ машинаар, нярайг журмын дагуу эмнэлэг дотуур тээвэрлэж Төрсний дараах тасагтаа хүргэж, үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна. Бид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. 3,250 гр хүү мэндэлсэн, одоо ээжтэйгээ хамт байна.

Залуу охид бүсгүйчүүд, дүү нартаа хандан захих хэдэн зүйлс байна. Үүнд:
1. Залуу эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, хандлагаа сайжруулах.
2. Жирэмсэн болмогц эмчийн хяналтанд ЗААВАЛ орох! Төрөлтөнд бэлтгэж, өөрийгөө эрүүлжүүлэх!
3. Жирэмсний явцад хамгийн багадаа 6 удаа хяналтын  эмчид үзүүлсэн байх!
4. Жирэмсэн эх Төрөх Бэлтгэлээ Хангаж чаддаг ур чадвартай байх.
Төрөх үйл явцын шинж тэмдгийг мэдэж, төрлөг эхлэх шинжтэй үед хугацаа алдалгүй, цагийг нь тулгалгүй харъяа амаржих газартаа боломжтой бол өөрсдөө эсвэл түргэнээр очих.
5. Хөдөө орон нутгаас хотод шилжин ирээд тухайн оршин суугаа газрынхаа бүртгэлд  нэн даруй орсон байх!
6. Оршин суугаа газрынхаа өрхийн эмчийн хяналтад  заавал орсон байх” гэж бичжээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …