Энэ сарын 1-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын шоуны нээлт “Сентара Гранд” зочид буудалд зохион байгуулагдлаа.
Тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Тайландын жуулчдын туслах сангаас Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбоотой хамтран 2009 оноос хойш зохион байгуулж иржээ.
Энэ жилийн арга хэмжээнд Бангкокт суугаа 48 орны Элчин сайдын яамдын төлөөлөгчид өөр өөрсдийнхөө орны шилдэг дизайнераа урьж оролцов. Мөн “Ертөнцийн мисс 2017” тэмцээний оролцогч 35 орны гоо бүсгүйчүүд тай торгоор урласан даашинзны шоу үзүүлсэн нь онцлог болов. Тус арга хэмжээнд зориулж нийт 3,500 метр тай торгыг дэлхийн 40 гаруй орны дизайнеруудад хүргэжээ.
Монгол Улсыг төлөөлж “Ринчин Есүй” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Р.Отгонлхам тай торгоор бүтээсэн монгол дээлээр оролцов. Түүний урласан дээлийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын гэргий Ц.Должинсүрэн өмсөж танилцуулав.