“Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” өнөөдөр боллоо. Чуулганыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ. Тэрбээр дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад тулгарч байгаа гэж бид үзэж байна. Иймд мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил нь маш өндөр ач холбогдолтой чухал ажил болж байгаа юм.
Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил 1970-аад оноос хийгдэж эхэлсэн харьцангуй залуу салбар боловч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулалт, ойг нөхөн сэргээж ажлын талаар олж авсан ололт амжилт, үр дүнгээ бататгах, шинэчлэх, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ үүднээс Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа хэмээлээ.
Мөн энэ үеэр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд гар бие оролцож байгаа салбарын төлөөллийг шагналаа.
Монгол улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн хийг 80 хувь хүртэл шингээдэг байна.
Өнөөгийн байдлаар манай улсад 535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан байна. Ой доройтож хомсдосоор байгаа өнөө үед ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх түүнийг чанар, үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.