Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “НИК” ХХК нь ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/124 дүгээр албан шаардлага, мөн өдрийн 0000090 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Түүнчлэн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд хийсэн хяналт шалгалтын нэгдсэн дүгнэлт”-ийн “НИК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг мөн гаргасан аж. Нэр бүхий байцаагчид нь ШӨХТГ-ын даргын 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр баталсан удирдамжийн дагуу иргэдээс ирүүлсэн өргөдлийг үндэслэн автобензин, дизелийн түлш нийлүүлж, борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэлт гарган, уг дүгнэлтийг үндэслэн “НИК” ХХК-д 5/124 дүгээр шаардлагыг өгч, 0000090 тоот шийтгэврээр 4 тэрбум 900 гаруй сая төгрөгийн торгуулийг тус компанид оногдуулсан байна.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээрх хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчдын хийсэн шалгалтын нэгдсэн дүгнэлтийн “НИК” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/124 дүгээр албан шаардлага болон 0000090 тоот шийтгэврийг тус тус хүчингүй болгожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ хэргийг 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчдын хийсэн шалгалтын нэгдсэн дүгнэлтийн “НИК” ХХК-д холбогдох хэсэг болон 5/124 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ. Мөн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал ШӨХТГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 тоот шийтгэврийг түдгэлзүүлсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Эх сурвалж: ТВ Монголиа.мн