Нийслэлийн прокурор 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэж мэдэгдсэн нь АТГ-ыг хүнд байдалд орууллаа

Монгол төрийн идээ бээрийг тултал нь буглуулсан байж тун болзошгүй том асуудал бол 60 тэрбумын схем юм. Төрийн албыг мөнгөний алба болгож, хар зах дээрх арилжаа шиг дүр зурагтай болгосон 60 тэрбумын луйврын үндсэн захиалагч “эцэг” нь М.Энхболд гэдгийг 2016 оны сонгуулиас хойш хоёр жил дараалан ярьж, удахгүй гурав дахь онтойгоо золгох нь. 90 гаруй минутын бичлэгт “эцэг” М.Энхболдын аядуу дөлгөөн хоолой олон сонсогддог. Гэвч өнгөрсөн хугацаанд эрх мэдэлтнүүдийн далбаан дор намирах хуулийн байгууллагын зүгээс өнөөх бичлэгийг ЭВЛҮҮЛЭГ гэх дүгнэлтийг гаргаж байв. Төрөөс авлигыг үлдэн хөөж, түмнийг эрүүл нийгэмд амьдруулах үүрэг хүлээсэн Авлигатай тэмцэх газрын зүгээс “эвлүүлэг” байна гэсэн тайлбарыг хийсэн билээ. Тэгвэл энэ улс оронд шударга үнэнийг эрэлхийлсэн салхи эрчимжиж буйтай зэрэгцэн Нийслэлийн прокуророос өнөөх 60 тэрбумыг босгох тухай 90 минутын бичлэгийг ЭВЛҮҮЛЭГ гэж дүгнэж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ талаар хэлэхдээ “60 тэрбумын гэх хэргийг прокурор шалгаад, 2014 онд МАН-ын хэсэг нөхөр УИХ-ын болон орон нутгийн 2016 оны сонгуульд оролцох МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцаж байсан болох нь нотлогдож, тогтоогдсон гэж үзсэн. Хамгийн гол нь, тухайн яриа, төлөвлөгөө нь бодит амьдралд хэрэгжээгүй, төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар хүч хэрэглэн авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх бодит нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Ингээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байсан… 2018 оны долдугаар сарын сүүлээр тагнуулын байгууллагаас энэ асуудлын хүрээнд шалгах мэдээ, мэдээлэл байна гэсэн санал тавьсан. Үүний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор мөрдөх байгууллагын саналыг хянаад, хэргийг сэргээн шалгавал зохих асуудлууд байна гэж үзсэн. 2018 оны наймдугаар сарын 1-ны өдөр хэрэг бүртгэх хэргийг хаасан прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээсэн. Одоо хэрэгт ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шалгагдаж байгаа хэргийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжгүй” байна хэмээн албан ёсны байр суурийг илэрхийлчихлээ. Тэгэхээр М.Энхболд нарын нөхдүүдийг хууль тогтоох дээд байгууллагаас үтэр түргэн явуулах ноцтой үндэслэл болох 60 тэрбумын схемийг Прокурорын байгууллагаас ЭВЛҮҮЛЭГ гэж үзэхгүй байгаа нь Авлигатай тэмцэх газрыг хүнд байдалд оруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …