Мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвлэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг 2016 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө гарч олныг цочирдуулж байв. Эл хэргийг өчигдөр УДШ хянан хэлэлцэж, гэмт этгээдүүд ял сонсов.
Тус хэргийн анхан шатны шүүх энэ оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Н.Билэгбаатар,С.Галбадрах, Б.Насандэлгэр нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдсэн, М.Амартүвшин, Д.Алтангадас нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн заналхийлсэн, Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, Н.Билэгбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Ингэхдээ Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг нарт 8 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгбаатарт 11 жил 2 сар, Б.Насандэлгэр, С.Галбадрах нарт тус бүр 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Алтангадаст 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноосон байна. Давж заалдах шатны шүүх эл шийдвэрийг хэвээр үлдээн УДШ-д шилжүүлжээ.
УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүх Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оноосныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулах ялыг 7 жилээр тогтоож, шийтгэх тогтоол, магадлалын дээрх бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хэргийг тодруулбал, “Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Элит” хотхоны 12 дугаар байрны нэгэн орон сууцыг түрээслэн мөрийтэй тоглож байсан хүмүүсийг 2016 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарч олныг цочирдуулж байв. Буу, хутгаар зэвсэглэсэн дээрэмчид дайрч орон “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” хэмээн заналхийлж, тоглоомчдын мөрийнд тавьж байсан 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.долларыг нь дээрэмдэж, нийт 57.4 сая төгрөгийн хохирол учруулаад, тэнд байсан 10 хүнийг зодсон юм. Үүний улмаас мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хоёр нь хүнд, найм нь хөнгөн гэмтэл авсан байдаг. Хохирогчдыг Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглосон” гэх үндэслэлээр шалгасан. Хэрэгт холбогдогчдыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62×39 мм калибрын 11 ширхэг сум хууль бусаар олж авч, 2015 оноос хойш 2016 оны аравдугаар сарын 9 хүртэл хадгалсан, зэвсэгт дээрмийн хэрэг үйлдэх үедээ “Тоёота Кроун” маркийн автомашинаар тээвэрлэсэн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.