Ш.Батболд: Гэр бүл салалтыг багасгах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн гэр бүлээ цуцлуулж буй иргэдийн дийлэнхийг залуучууд эзэлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс гэр бүл салалтын шалтгаан болон үр дагавар, зөв гэр бүл төлөвлөлтийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболдтай ярилцлаа.


-Гэр бүл салалтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Гэтэл Монголчуудын дийлэнх нь хуримаа сайн, муу өдөр харж хийдэг нь хуримандаа ач холбогдол өгдөг юм шиг. Мэргэжлийн хүнийхээ зүгээс гэр бүл салалтын тоо нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай гэж тодорхойлж байна вэ?

-Сайн муу өдөр харж хуримаа хийдэг нь монгол хүний бэлгэдэл, зурхайтай холбоотой ойлголт. Ихэнх хүмүүс үүнийг буддын шашны зан үйлийн нэг гэж үздэг. Гэхдээ миний ойлгосноор буддын шашинд өдөр судар харж аливаа үйл хийх тухай сургааль байдаггүй. Тиймээс залуучууд гэр бүл зохиохдоо өдөр судар харахаас урьтаж бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгах ёстой гэсэн буддын шашны хамгийн энгийн сургаалийг мөрдлөгө болгомоор юм шиг санагддаг. Бие дааж амьдрах, хэл яриа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй.

Бие дааж амьдрах, хэл яриа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй.

Тухайн жилийн гэрлэлтийн тоог, гэрлэлт цуцлуулсан тоотой харьцуулж гаргадаг аргачлалаар бол АНУ-д 53 хувь, ОХУ 51 хувь, харин манай улсад 19,2 хувь байна. Өөрөөр хэлбэл манай улсад зуун гэр бүлийн хорин хувь нь салдаг гэсэн үг. Энэ хувь АНУ, ОХУ болон бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа мэт боловч хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь гэр бүл салалтийн өсөлтийн хурд маш эрчимтэй явагдаж байна. 2017 онд 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулснаас, 58,5 хувь нь арав болон түүнээс дээш жил амьдарсан хосууд байсан. Салалтад нийгэм-эдийн засгийн, хот хөдөөгийн, боловсролын гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч энд сэтгэл зүйн талын дараах дөрвөн нийтлэг шалтгаанууд багтаж байна. Үүнд,

Нэгд, Зан төлөв таарамжгүй гэх үзэл бодол. Ихэнх хосуудад гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн талаар суурь ойлголт байдаггүй. Энэ талаар үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг ерөнхий боловсролын болон их дээд сургууль, байгууллагуудад албан ёсоор системтэй өгдөггүй. Эхнэр нөхрийн дүрд хэрхэн орох, хамаатан садан, эцэг эхтэйгээ яаж харилцах болон эцэг эхийн үүрэг, хариуцлага ямар байх талаар тодорхой ойлголт байдаггүй, асуудалд төрөлх зөн совингоороо, хайхрамжгүй хандаж явсаар зөрчлийг дээд цэгт нь хүргэж, асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон үедээ шүүхэд ханддаг. Гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргаж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь ийм шалтгаантай. Эдгээр хосуудын бага, өсвөр насны үеийн гэр бүлийн харилцааны түүхийг судалж үзэхэд аль нэгнийх нь эсвэл хоёулангийнх нь бага, өсвөр насны үе, ялангуяа 03-18 насанд эцэг эхийнх нь хараа хяналт маш муу, асуудал үүсгэсэн тохиолдолд эцэг эх нь залруулах арга хэмжээ авдаггүй байсантай холбоотой зан төлөвийн өөрчлөлтүүд үүссэн байдаг. Ийм өөрчлөлтөд орсон хосуудын амьдралаас байнгын маргаан, үл ойлголцол, архидалт салдаггүй.

Хоёрт, Ахуйн архидалт ба архинд донтолт. Гэр бүл салахад нөлөөлж байгаа хоёр дахь томоохон хүчин зүйл нь энэ. Нийт салалтад архинд донтох эмгэгээс шалтгаалсан салалт 20 гаруй хувийг эзэлж байна. Хосууд архинд донтох нь сэтгэцийн өвчин гэдгийг мэддэггүй. Өөрчлөгдөх байх, архинаас гарчих байх, надад амласан шүү дээ гэсэн найдлагаар олон жил явж эцэстээ салах шийдвэр гаргадаг. Энэ эмгэгээс болж гэр бүл нь салахад хүрсэн хүмүүст донтох эмгэгийн эцсийн үе шатанд байх сэтгэл зүй, танин мэдэхүйн онцлог илэрдэг. Ийм гэр бүлд өсөж буй хүүхдүүдийн харцнаас эхлээд үйл хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, хүмүүсийг харах үзэл бодол, зан төлөв өөрчлөлтөд орж нийгэмших үйл явц бэрхшээлтэй болдог. Архинд донтох эмгэгтэй хүмүүст хамгийн эхэнд донтох эмгэгийн эмэн эмчилгээ, дараа нь сэтгэл зүйн урт хугацааны зөвлөгөө, сэтгэц засал шаардлагатай байдаг.

Гуравт, Хууралт. Хууралтын 3 орчим хувь нь бэлгийн дур хүсэл хэт ихсэх дон (нимфомани/сатириазис) – той холбоотой байдаг бол 97 орчим хувь нь гэр бүлийн харилцаанд сэтгэл хөдлөлийн болон хайрлуулах, өөрийн чухал гэдгийг мэдрэх, хамгаалуулах, харилцан бие биедээ туслах, ойлголцох сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүйгээс үүссэн байдаг.

Дөрөвт, Хөндлөнгийн хүмүүсийн оролцоо.Хосуудын эцэг эх, найз нөхөд, хамаатан садангууд гэр бүлийн дотоод асуудалд олон жил оролцож ирснээс үүдэлтэй салалт 10 гаруй хувийг эзэлдэг.Төрүүлсэн эцэг эхтэйгээ сөрөг ээнэгшилтэй, сэтгэл зүйн хувьд тусгаар болж чадаагүй, бие даах чадвар муутай залуусын амьдралд хөндлөнгийн хүмүүс их оролцдог. Гэр бүлийг салгах хэмжээнд хүртэл оролцсон хүмүүс эвлэрүүлэх арга хэмжээ авч уулзалтад дуудахад “өөрсдөө учраа олцгоо” гэх байдлаар ханддаг.

Багад нь эцэг эх нь салсан хүмүүсийн 70 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогддог.

-Салалтаас болж ямар хохирол, үр дагавар гардаг вэ?

-Хамгийн эхэнд хүүхэд хохирдог. Манай шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар гэрлэлтээ цуцлуулсан нэг гэр бүлийн цаана дунджаар 2 хүүхэд амьдын хагацал үзэж байна гэдэг дүгнэлт гарсан. Хамгийн эмгэнэлтэй нь багад нь эцэг эх нь салсан хүмүүсийн 70 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогддог. Мөн гэрлэлтээ цуцлуулсан ихэнх хүмүүсийн сэтгэл санаа, бие мах бодь, эдийн засгийн байдал өмнөхөөсөө дорддог. Харин байнгын гэр бүлийн хүчирхийлэлтэй, хосуудын хэн нэг нь эрсдэл бүхий зан үйлтэй бол бие биенийхээ амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүүхдийн төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөсөө өмнө сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйчээс туслалцаа авах шаардлагатай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …