
Хууль засаглал, төрийн дээр гарчихсан хагaцашгүй их эрх ашиг гэж МАНАН бүлэглэлд л ганцхан байна. Өнгөрөгч хоёр жилийн турш бүлэглэлийн толгойлогч М.Энхболдыг албан тушаалаа өгч, төрд шударга ёс тогтоохыг уриаллаа. Сүүлдээ тэмцлийн хэлбэрт шилжсэн ч тас гүрийсээр. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал оруулснаар МАН-ын Удирдах зөвлөлөөс түүнд хоёр ч удаа ёс зүйн хариуцлага тооцсон ч суудалдаа шигдсээр. Дараа нь МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүний 95 хувийн саналаар ёс зүйн хариуцлага тооцон ажлаа өгөхийг шаардсан ч ширэн нүүрлэж сууна.
Зуугаад жилийн түүхтэй МАН-ын шийдвэр өнгөрөгч бүхий л цаг хугацаанд гишүүн тус бүртээ хүчин төгөлдөр үйлчилж ирсэн түүхтэй. Нэн шинэ цагийн түүхэнд ч сонгуульд ялалт байгуулсан нам нь Төрийн эрх барьж, намын дарга нь Ерөнхий сайдын албыг залгуулж ирсэн. Үүний зэрэгцээ Гүйцэтгэх засаглал, төрийн эрх барьж байгаа намын шийдвэр хоёр нь агаар нэгэн явж ирсэн бичигдээгүй хуультай. Гэтэл арвин баялаг түүхтэй МАН-ын нэрээр хотын даргаас эхлээд намын даргаар хоёр удаа, Ерөнхий сайд, Шадар сайдаар тус бүр нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажиллаж байгаа М.Энхболд гэгчийн суудалдаа шигдсэн байдал нь төр улсын ажлыг жинхэнэ утгаар нь гацаалаа. Сүүлийн нэг сар М.Энхболдоос үүдэлтэйгээр УИХ-ын чуулган хуралдсангүй. Төрийн ордонд ангийн гишүүд нь эсэргүүцэн хуралдаа ирэхгүй байхад чухам юугаа даргалах гээд суугаад байдаг юм бэ? Төрийн ордны гадна талд ард түмэн чинь эсэргүүцээд байхад юугаа төлөөлөх гээд суугаад байгаа юм бэ?
Түүнд хууль дүрэм ярьж номчирхоод суугаад байх ёс зүйн ямар ч үндэс байхгүй. МАН-ын нэрээр төрийн бүхий л өндөр дээд албан тушаалд очсон ёс жудгаа бодоод өөрөө явчих ёстой сон. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага, хууль тогтоох дээд институци шүү дээ.
Төрийн албыг наймаалцах “60 тэрбум”-ын хуйвалдаан зохион байгуулчихаад өөдөөс хууль яриад суугаад байгаа хүнийг яах вэ. Ёстой нөгөө “аавыг муу ч алж болохгүй” гэдэг л боллоо. Үүнээс үүдэн Монголын төр, Монголын ард түмний арга барагдаж байна. Эрх зүй, бусад үндсээс харж байхад Ерөнхийлөгч Х.Баттулгад онц байдал зарлах ганцхан сонголт үлдэж байх шиг. Онц байдал зарласнаар чадамжаа алдсан УИХ тарахаас өөр аргагүй. Парламентийн засаглалтай улсын хувьд УИХ-гүйгээр айсуй 2020 оныг хүлээх ямар ч үндэслэл байхгүй учраас дахин сонгууль явуулж таарна. Өнгөрөгч 2016 оны сонгуульд 16.4 тэрбум төгрөг зарцуулсан гэхээр төгрөгийн ханш суларсан өнөөдөртэй харьцуулбал 20 тэрбум төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг. Арай гэж өндийлгөсөн эдийн засагт дарамт үүсгэх бас нэгэн шалтгаан. Хамгийн гол нь дахин сонгуулиас үүдэлтэй ажил цалгардахаас эхлээд бизнесийнхэн олигархи бүлэглэл рүү мөнгөө цутгана.
ДАХИН СОНГУУЛЬ ЗАРЛАБАЛ 2019 ОНД ЦАЛИНГАА ТАВЬЖ ЧАДАХГҮЙ
Гэтэл 20 тэрбум төгрөгөөр элбэгхэн 20 цэцэрлэг барина, 20 цэцэрлэгт дунджаар 3000 хүүхэд хамрагдана гэсэн үг. Тэгэхээр ноён М.Энхболдоос болж 3000 хүүхэд гэртээ цоожлогдон, эрсдэл дунд үлдэнэ гэж хэлж болохоор. Тэрбээр шударга бусын хонгил, мафижсан системээ хамгаалан тэмцэж байгаа нь 3000 хүүхдийн “амиар” дэнчин тавьж, дахин сонгуульд хүргэх ажиллагаа бодож суугаа гэлтэй. Хууль бус үйлдэл “60 тэрбум”-ын хэргээс мултрахаас дахин сонгуульд санаархсан нь ч МАНАН зүгээс үнэртэж эхэлсэн. Түмний баялаг, татварын мөнгийг олон жил цөлмөсөн МАНАН-гийнхан сонгогчдыг мөнгөөр угжаад гараад ирнэ гэсэн бодлого барьж байхыг үгүйсгэхгүй. Улс орон тэр чигтээ сонгуулийн уухайнд дарагдаж, дампуурлаас арай гэж гаргасан эдийн засаг буцаад сөхөрнө. Хэрвээ дахин сонгууль зарлахдаа тулбал, айсуй 2019 онд цалингаа тавьж чадахгүйд хүрнэ. Улс орны эрх ашгийн үнэтэй ганц хүний албан тушаал гэж байдгийг М.Энхболд түүх болгон үлдээж байгаа нь харамсалтай. Дэндүү амиа бодсон арчаагүй үйлдэл бол энэ.
Амиа бодсон гэснээс Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан, хотын иргэн М.Энхболд сонгууль бүхэнд Улаанбаатараас зугтаж, Төв аймгаас сонгогдож ирсэн нь ч амиа бодсон арчаагүй үйлдэл. Түүний үлдээсэн утаа, өмхий үнэрт өнөөдөр нийслэлийн 1.5 сая иргэн хордож, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тэгэхээр иргэн бид өөрсдийнхөө санал, итгэл үнэмшлээр төрөө цогцлоон бүтээдэг хүмүүнлэг тогтолцоотой ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас өөрсдийнхөө төлөө тэмцэл өрнүүлье, УИХ-ын даргыг ажлаа өгч, төрийн албыг гацаанаас гаргахыг шаардъя. Төрд шударга ёс тогтоохын төлөө хамтдаа зүтгэе. Гэхдээ энэ нь ямар нэгэн тэмцэлд уруу татсан хэрэг биш шүү. УИХ-ын дарга М.Энхболдын 99115451 утас руу мессэж бичиж шаардах хэрэгтэй болж байна.
С.Баяр
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл