Гэр хорооллын газраа чөлөөлсөн 180 өрх айл орон сууцанд орлоо

Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол орчимд “Пример инвестмент”  ХХК-ийн барьсан 60 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололд барьсан “Зургаан талт” компанийн ашиглалтад оруулсан 120 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 14/02, 2014 оны 19/23, 2018 оны 127 дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг барилгажуулах төслийг 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх юм. Тус батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь 16.317 нэгж талбай бүхий 1516.6 га газрыг хамарч, гэр хорооллын нутаг дэвсгэрийн хүн амийн есөн хувийг эзэлж байна.

Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр эдгээр байршлуудад 89.968 айлын 961 блок орон сууцны барилга барих юм. Ингэснээр гэр хорооллын өрхийн 41.5 хувь нь орон сууцанд орох боломжтой болно.

Эл төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1.712 нэгж талбайн газрыг чөлөөлж, 7.227 айлыг орон сууцанд оруулж, 5001 айлын янданг буулгаж, агаарын бохирдлыг үүсгэх эх үүсвэрийг мөн хэмжээгээр бууруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гэр хорооллын газраа чөлөөлөн орон сууцанд орж байгаа иргэдэд байрны түлхүүрийг гардуулахдаа хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол агаар орчин, хөрсний бохирдлын асуудал юм. Үүнийг шийдвэрлэх гол гарц төдийгүй, хамгийн оновчтой шийдэл бол иргэд Гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа агентлагууд, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраа чөлөөлүүлэн, амьдрах орчиноо сайжруулж, орон сууцанд орох боломж юм.

2018 оныг НИТХ, НЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой амьдрах орчиныг сайжруулах жил” болгон зарласан. Үүний илэрхийлэл болж өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдтэйгээ хамтран 60  айлын орон сууцыг хүлээн авч байгаа явдал юм. Төсөлд оролцон өөрийн амьдарч байсан газраа төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран Улаанбаатар хотын агаар орчины бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан иргэдэд талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Төсөлд хамрагдан газраа орон сууцаар сольж байрны түлхүүрээ гардан авсан иргэдийн төлөөлөл нийслэл хотын удирдлага болон төслийг хэрэгжүүлэгч компаниудад талархалаа илэрхийлж байлаа.

Төслийн нээлтэд оролцсон албаны хүмүүс орон сууцны байртай танилцах үеэр оршин суугаа газраа чөлөөлөн байранд орсон залуу гэр бүлийн төлөөлөл болсон иргэн н.Мөнхбаатар Нийслэлийн удирдлагыг өргөө гэрийнхээ хойморт урьж хүндэтгэл үзүүллээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …