Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд боллоо. Нийслэлчүүдийн шинэ жилийн баярын цэнгүүнд Хүүхэлдэйн театр, УДБЭТ-ын уран бүтээлчид, “Драм 3” хамтлаг, Нюанс хамтлаг, Увертюра зэрэг олон хамтлаг дуучид оролцож нийслэлчүүддээ шинэ оны бэлэг барилаа. Мөн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар оролцлоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан талбайд цугласан болон цэнхэр дэлгэцээ үзэн суугаа нийслэлчүүддээ хандан хэлсэн үгэндээ “Цагийн зүү 12-ыг зааж, Та бидний ажил, амьдрал бас нэгэн шинэ хуудас нээгдлээ. Он солигдох энэ цаг мөчийг хамтдаа өнгөрүүлж буй нийслэлчүүд Та бүхэндээ шинэ оны халуун мэнд өргөн дэвшүүлье. …Аливаа ажлыг хийхдээ ЦАГ ХУГАЦААГ МАРГААШ ГЭЖ ХОЙШ ТАВИЛГҮЙ, БЭРХИЙГ СӨРЖ, БОЛОМЖИЙГ АШИГЛАЖ, БҮТЭЭЛЧ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХЫГ НИЙТ НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ, иргэд оршин суугчиддаа уриалах байна. Айлчлан ирж буй шинэ ондоо нийслэлийн иргэд, оршин суугчид төдийгүй нийт Монгол түмэн минь төрт ёсоо дээдэлж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, түмэн олноороо хөгжилд тэмүүлж, хүн бүр амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэв.
Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Он солигдох мөчид төв талбайд ёслолын буудлага буудаж нийслэлчүүд шинэ оныг угтан авлаа.