Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа ярилцсан яриаг буулган уншигчдад хүргэж байна. Өнгөрөгч онд хүлээлт үүсгэсэн, сонирхолтай ярилцлага байсан бөгөөд телевизийн шууд эфирээр 100 мянган хүн үзсэн тоо байгаа юм.
-Та өнгөрөгч долоо хоногт даваа гарагт ярилцлага өгөх боломжтой гэж мэдэгдсэн. Харамсалтай та ярилцлага өгөхөө хойшлуулсан. Яг юу болсон юм вэ?
-Авлигатай тэмцэх газрын зүгээс надаас мэдүүлэг авах үеэр “Та хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөө түр азнаж байхгүй юу” гэсэн. Тэгээд хуулийн байгууллагын нөхдийг хүндэтгээд ярилцлагаа хойшлуулсан даа.
-“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд гэдэг хүн “Д.Дорлигжав намайг дарамталж байгаад авлига авсан” гэж мэдэгдсэн?
-Ийм хэл ам гарахад хэвлэлийн хурал хийгээд орь дуу тавьдаг л даа. Миний хувьд энэ хүн яагаад ийм ул үндэсгүй гүтгэлэг тараав, цаад учир шалтгаан юу вэ гэж бодсон. Тэгээд бүх баримт сэлтээ цуглуулах, хуулийн байгууллагын хүсэлт зэргээс үүдэн цаг алдсан тал бий. Тордойн Ганболд гэдэг хүн ийм гүтгэлэг тараах болсон цаад зорилгыг ойлгохгүй байсан. Дөрвөн сая ам.долларын түүх ингэж эхэлдэг юм. “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадны хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Олон улсын Арбитрын шүүх дээр үүсгэдэг юм. Арбитрын шүүхээс “Алтан Дорнод Монгол” компани тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан л даа. Шүүх дээр яллагдсан Паушок Эрдэнэт үйлдвэрийн орлогч байсан Ч.Бямбаа гэдэг нөхрийг менежментийг гэрээгээр захирлаар томилсон. Тэгэхдээ “Алтан Дорнод Монгол” компанийг ашигтай ажиллуулаад “Засгийн газрын өрийг төлөөд надад тодорхой хэмжээний төлбөр төл” гэсэн байгаа юм.
-Паушок Ч.Бямбаа гэдэг хүнд компаниа өгчээ дээ?
-Чангаагийн Бямбаа менементийн гэрээгээр “Алтан Дорнод Монгол” компанийг аваад ерөөсөө ажиллуулж чадаагүй. Бүх тоног төхөөрөмж, машин техник нь Шүүхийн шийдвэрээр лацдуулчихсан. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болчихсон байхад хүртэл нээж өгөхгүй байснаас харвал “Алтан Дорнод Монгол” компанийг авах гэсэн нөхдийн далд сонирхол явагдсан байх. Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок “Алтан Дорнод Монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Д.Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Д.Баатар Ч.Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос хүссэн зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Ингээд байж байтал “Голомт” банкны захирал Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокын компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг. Тэр нь Тордойн Ганболд шүү дээ. Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Баатар, Баясгалан, Т.Ганболд гурав суугаад “Пуашокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь Голомт банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны 9-р сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн. Миний дүү Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ.
-Тордойн Ганболд дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн гээд байгаа шүү дээ?
-Манай дүү сарын дараа дансаа шалгатал Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “11-р сарын 08-ны өдөр Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Т.Ганболдын компаниас “Д.Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” ч гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо” үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ. Т.Ганболд их шорон санаатай хүн. Андуурч биш зориуд мөнгө оруулж гаргасан болж таараад байна.
-Баримт байхад яагаад ингэж гүтгэв?
-Намайг Ерөнхий Прокурор байхад Тордойн Ганболд Эрүүгийн маш ноцтой хэрэгт шалгагдаж байсан. Хуурай дүү чинь больё гэж олон удаа хэлүүлсэн, надтай холбоо тогтоох гэж оролдсон. Хэргийг нь шалгаж шалгаж байгаа хүнтэй юу боллоо гэж уулзах вэ. Би Ганболд гэдэг хүнтэй уулзах нь битгий хэл гар барьж үзээгүй. Төрийн өндөр алба хашиж байсан хүнийг ийм зоригтойгоор гүтгэнэ гэдэг ард талд нь тодорхой зорилгоор өөгшүүлэгч нар байна. Хоёрдугаарт хувийн жаахан өшөө хонзон байдаг байх. Гуравдугаарт луйварчингууд өөрийнх нь нөлөөнд ороогүй хүмүүсийг хамгаалах төрийн тогтолцоо байхгүй сиймхийг ашиглаж байгаа юм.
-Тордойн Ганболд ямар хэрэгт холбогдсон юм бэ?
-Тордойн Ганболд 27 сая төгрөгийн татварын өрөнд баахан хоригдсон ухааны юм яриад байна лээ. Тэгээд надад дөрвөн сая ам.долларын хахууль өгсөн ч юм шиг авцалдаагүй юм ярьсан. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн Ерөнхий захирал байхдаа нэг эмэгтэйг их хэмжээний мөнгөөр хохироосон гэх Эрүүгийн хэрэг бий. Мөн өөрийн авга ах УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн хүүгийн нэр дээр Гонконгт компани байгуулаад Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй ган бөмбөлөг худалдан авах гэрээ байгуулаад Эрдэнэтэд өндөр үнээр шахсан хэрэг байдаг. 1-3 сая ам.долларын зөрүү ашиг гарган улсын үйлдвэрийг хохироосон баримт бий.
-Дөрвөн жилийн өмнө дөрвөн сая ам.долларын асуудал яригдсан. Тухайн үед та яагаад дуугараагүй юм бэ?
-Би энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэсэн өргөдлийг маань АТГ хандтал яагаад ч юм бэ Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Одоо Тордойн Ганболд намайг гүтгээд зөрчлийн хуулиар цөөн хэдэн төгрөгөөр торгуулиад өнгөрнө гэж бодож байгаа байх. Үгүй дээ. Би Монгол улсын иргэн хүний хувьд нэр төрөө сэргээлнэ. Гэхдээ дөрвөн сая ам.доллараар үнэлнэ. Би Ганболдыг шударга үнэнд гүйцэгдээд хоёр гараа өргөтөл явна.
-Энэ болоод байгаа бүхний цаана улс төр байна уу. Тордойн Ганболд гэдэг хүн аль намын гишүүн вэ?
-МАН-ын гишүүн гээд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал болсон. Эрх мэдэлтэй хүнд очоод наалдчихсан их сонин нөхөр юм билээ. Нэг хэсэг манай Алтанхуягтай сүрхий байж байгаад З.Энхболдыг УИХ-ын дарга байхад л дагаад салахаа байсан. Тэгээд Архангайн хэн билээ. Хэрэг эрхлэх газрын даргын араас гүйгээд байсан. Юу ч хийж мэдэх этгээд.
-Та Тордойн Ганболдыг шүүхэд өгсөн үү?
-Энэ нөхрийн гэрийн хаяг олдохгүй хугацаа алдчихлаа. Болохгүй бол компанийнх нь хаягаар нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргана.
-Дорлигжав та аль намын гишүүн бэ. Яагаад ингэж асуув гэхээр Шударга бусын хонгилыг үүсгэгчдийн нэг гэсэн яриа яваад байна л даа.
-Монголд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэлцэж, АН-ын анхны дарга явсан хүний хувьд гомдмоор л асуулт байна. З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга сураг үгүй байхад АН-ын төлөө тэмцэж, байгуулцаж цуг явлаа.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гуай л МАНАН гэж ярихдаа таны нэрийг яриад байна лээ?
-МАНАН гэдэг үг чинь АН, МАН нийлж Засгийн газар байгуулах үеэс гарсан. 2008 онд АН ялагдчихаад долоон сарын 01-ний гэх хэрэг гарч таван сайхан залуу амь насаа алдсан. Ямар ч шаардлагагүй үед Н.Алтанхуяг эвслийн Засгийн газар байгуулж Тэргүүн шадар сайд болсон доо. Санжийн Баяр “Оюутолгой, Тавантолгой том төслүүдээ хөдөлгөнө” гэсэн үгээр халхавчилж МАНАН гэгчийг үүсгэсэн. Уучлаарай Алтанхуягаа чи өөрөө л МАНАН-гийн эх суурийг тавьсан. Манай Н.Алтанхуяг Оюутолгойн гэрээг ихэд шүүмжилж харагдах юм. Тэр үед Алтанхуяг Шадар сайд байсан шүү дээ. Олон нийтийг мартчихсан гэж боддог юм уу даа. МАНАН-тай цааш холбогдуулан ярихад Алтанхуяг маань “Элбэгдорж, Хурц, Дорлигжав нар хонгил үүсгээд шорон руу шидчихсэн” гэж ярихыг сонссон. Төрийн өндөр түвшинд алба хашиж явсан хүний яриа гэхэд хэцүү чавганцын хов жив ярина лээ.
-АН-ын лидерүүд хагаралдаад эхэлсэн вэ?
-Ерөнхий прокурорын ажил хашиж байхад АН доторхи фракцийн тэмцэл бэрхшээл учруулж байсан юм. Н.Алтанхуягийн “Алтангадас”, З.Энхболдын барууны хүчний холбоо, Элбэгдорж, Баттулга нарын хуучин Ардчилсан холбоо фракциуд хоорондоо тэмцэлдээд эхлэнгүүтээ бие биенээ хуулийн байгууллагад өгдөг. Тэр ч гэмт хэрэгтэй, ийм асуудалд холбогдсон гэж гомдол гаргана. Нэгийг нь шалгах гэхээр улс төрийн захиалгаар ингэлээ тэглээ гэдэг. Миний баримталж байсан зарчим гэвэл хуулийн байгууллагыг улс төрд ашиглуулах гэсэн дээ. Би өөрийнхөөрөө байсан учир энэ гурван фракцийн нөхдүүд надад одоо хүртэл сайнаар ханддаггүй. Надтай нэг баг гэж яригдаад байсан Б.Хурц гарч ирээд “Алтанхуяг, Дорлигжав, Нямдорж нар Эрдэнэтийн 49 хувийг авахыг эсэргүүцдэг фракци байгаа юм. Би Москва очиж хэлэлцээр хийн тэр 49 хувийг авч ирсэн” гэж ярьж байна лээ. Яахаараа ТЕГ-ын дарга хэлэлцээр хийгээд явж байдаг юм бэ. Тийм замбараагүй юм ярьж байна лээ. Би АТГ-ын удирлагуудыг дураараа дургиад байхад ил далд тэмцэж байсан. АТГ хэзээнээс дургиж эхэлсэн бэ гэж үү. УИХ-ын гишүүд хуульд өөрчлөлт оруулах замаар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах байгууллагыг АТГ нэгтгэсэн. Ингээд бурантагийг нь эвхээд тавьсан тэмээ шиг болсон доо. АТГ-ын захиалгаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуульд өөрчлөлт оруулах гээд явж байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Наад хуулиа дэмжиж болохгүй. Засгийн газрын хурлаар битгий оруул” гэхэд дэмжээд явуулсан. УИХ-ын дарга З.Энхболдод “Систем доторхи нэг байгууллагыг хэт хүчирхэг болгож болохгүй ээ” гэж зөндөө хэлсэн. Б.Хурцад хүртэл хэлээд сонин дээр ярилцлага өгөөд дийлээгүй дээ.Сүүлдээ АТГ-ын ажилтнуудын хэргийг шалгаж байсан прокуроруудыг хүртэл дарамталж эхэлсэн. Шударга бус болох нөхцөл байдлыг өөрсдөө бүрдүүлж өгчихөөд хэзээ хойно Н.Алтанхуяг огцорчихоод Прокурорын мөрдөн байцаах байгууллагыг дахин байгуулья гээд хуулийн төсөл бариад гүйж явсан л даа. Кашийг бүгдээрээ зуурчихаад чи ганцаараа зуурсан гэх нь дэмий л зүйл.
-Ерөнхий Прокурорын хувьд хэргийг зогсоож хааж байсан уу?
-Байлгүй яахав. Тухайлбал УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн хүү 22 настай хүү Гонконгт компани байгуулаад Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг шахсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хохирол учруулсан гэх хэрэг байсан. Н.Алтанхуягийн охин Сангийн яаманд ажиллаж байхдаа “Цэвэр агаар сан” руу 600 гаруй сая төгрөг хууль бусаар шилжүүлээд улсыг хохироосон. АТГ нь ТЕГ-аа, ТЕГ нь АТГ-раа, Цагдаа нь Хуульзүйн яамаа, Хуульзүйн яам нь Цагдаагаа шалгуулна гээд биесээ тойрсон хэрэг байлаа. С.Дэмбэрэлийн хүүгийн хэргийн тухайд “Тэр 22 настай хүү юу мэдэх вэ. Цаад томцуулынх нь хийж байгаа ажил. Хүүг хорьж цагдалгүйгээр гэрчээр байцаачих” гэж хэлсэн. Алтанхуягийн охины тухайд “Цэвэр агаар сан”-гийн хэргийн хохирол тодорхой болчихлоо. Хариуцах эзэд нь тодорхой байна. Та нар бод Ерөнхий сайдад хэрэг үүсгэчихээд охин дээр нь Эрүүгийн хэрэг үүсгэчихвэл хуулийн байгууллага нийгэмд яаж зөв харагдах вэ. Гэр бүл, хүүхдийг нь шоронд хийх хэрэг байна уу” гэсэн дээ. Гуравдахь хэргийн тухайд фракцийн тэмцэлд татагдан орсон хуулийн байгууллагын зөрчил байсан учраас зогсоосон доо.
-Гэв гэнэт Н.Алтанхуяг таны тухай, Т.Ганболд бас гарч ирээд Дорлигжав гэдэг хүнийг яриад эхэллээ?
-За яахав дээ. Манай намын зодоон явж байгаа юм. Он гараад намын дарга С.Эрдэнээгээ солино гээд мэдэгдээд байна лээ. Барилдаж байгаа бөхийнхөө дархан мэхийг мэднэ гэдэг шиг нөхдүүдийнхээ арга барилыг танилгүй яахав. Хаанаас явав, зорилго чиглэл юу вэ гэдгийг гадарлана. Намын даргын суудлыг мөрөөдөж байгаа нөхдийн маань явуулга. Надад улс төрд гүнзгий орох зав зай, сонирхол ч алга. Фракци эхлээд нам доторхи асуудал байснаа сонгууль ялангуутаа төрийн зовлон болох юм даа. Энэ ялгарал энэ тэрийг дүрмээрээ халах хэрэгтэй.
-Уучлалт гуйгаад нэг асуулт асууя. Таны охин нас барахдаа 2,5 сая ам.доллартай байсан гэх худал үнэн нь мэдэгдэхгүй яриа яваад байдаг. Одоо цэг тавих болсон болов уу?
-Охин маань өнгөрөөд хөдөөлүүлж амжаагүй байхад ийм яриа фэйсбүүк дээр нэргүй хаягнаас тавигдсан л даа. Тэр хүмүүс намайг 49 хоног дуустал ам ангайж чадахгүй учраас тараагаад авья гэж бодсон байх. Ийм учиртай юм. Миний охин бизнесийн удирдлагаар сурч байхдаа орчуулга хийж эхэлсэн. Тэгээд надад “Ааваа би Лондонгийн бирж дээр хувьцаа зардаг хүмүүст орчуулга хийлээ. Би хувьцаа авч арилжаанд орж үзмээр байна” гэсэн л дээ. Тэгээд 3000 ам.доллараар хувьцаа авсан. Охины маань ажил явдал өнгөрснөөс хойш Лондонгийн бирж рүү хандахад “Таны охины нэр ийм үнэлгээтэй хувьцаа байна гэсэн хариу ирсэн. “Новоресрус лимтед” компанийн хувьцаа 20 гаруй мянган ам.доллар болсон юм билээ. Итгэхгүй байгаа нөхөд байвал интернэтээс ороод харчихаж болно.
-Б.Жагар гээд жагсаал хийдэг нөхөр таныг 200 мянган тонн нүүрс “Ажнай” Бат-Эрдэнэтэй хувааж идсэн ч билүү юм яриад байсан даа?
-Хүн хэлэхээр нь харсан л даа. Улс үндэстнээ аврах хөдөлгөөний тэргүүн ч билүү, нэр нь нүсэр л дээ. Хэвлэлийн хурал зарлаад Д.Бат-Эрдэнэ бид хоёрын зургийг тавьчихаад 200 мянган тонн нүүрсний хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд биччихсэн байна лээ.Ямар цадиггүй хүн гүтгэдэг нөхөр вэ. Намайг Ерөнхий Прокурор байхад Д.Бат-Эрдэнийн нүүрсний хулгай гэсэн хэрэг огт байгаагүй. Ганцхан орон нутгийн Тавантолгойн хувьцааг өөрийн брокерийн пүүсээр дамжуулан иргэдээс зөвшөөрөл авалгүйгээр зарсан гэх хэрэг л байсан. Тэр 200 мянган тонн нүүрсний гэх хэрэг саяхан шахуу гарсан асуудал байх. Жагар ч бил үү Сугар гэдэг нөхөрт хэлэхэд даруй уучлалт гуйхгүй бол 200 мянган тонн нүүрстэй чинь тэнцэх хэмжээний мөнгө нэхэмжилнэ шүү.
-Та Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаараа холбогдсон хүн. Та Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Дахиад жижигхэн түүх ярья. 2016 оны сонгууль өндөрлөхөд долоохон хоног дутуу байхад З.Энхболд “Сонгуулийн штабын ажлыг удирдаад дуусгаад өгөөч” гэхгүй юу. Ингээд сонгуулийн штаб удирдаад маргааш сурталчилгаа дуусна гэж байтал фэйсбүүк дээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монгол компани авлаа. Засгийн газар шийдвэр гаргалаа” мэдээлэл гараад ирсэн. Сонгуулийн үр дүнд аймшигтайгаар нөлөөлнө гэдгийг хараад л мэдсэн. Тэгээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг рүү утас цохиод “Та нар юу хийгээд байгаа юм бэ. Юун Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь вэ” гэлээ. Ч.Сайханбилэг “Өө мэдэхгүй. Намын даргатайгаа ярь” гээд Энхболдод утсаа өгсөн. Тэр хоёр цуг сууж байж л дээ. З.Энхболд “Монгол хүн аваа л биз. Сайн зүйл ш дээ” гэхэд нь “Наад асуудал чинь сонгуулийн дүнд нөлөөлнө. Санаа зовдоггүй юм уу” гэж ярилцаад өнгөрсөн.Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголчууд авсан гэдгийг буруутгадаггүй ч хуулийн дагуу авах ёстой байсан юм.
-Таныг Ц.Элбэгдоржтой их ойр гэсэн яриа байдаг?
-Манай Н.Алтанхуяг намайг Ц.Элбэгдоржийн хүн гэж яриад байна лээ. Хэн нэгний хүн биш ээ.Н.Алтанхуяг Ерөнхий Прокурор байхдаа намайг өөриймсөг байсангүй гэдэг. Тэр Л.Гансүх нь бидний ч, миний ч найз. Шалгах ёстой гэвэл хууль шалгах ёстой биз дээ. Ц.Элбэгдоржтой хамт улс төрийн тогоонд 30 жил хамт явсан. Олон олон албан тушаал дээр тавьж зарим үед очихгүй гэхэд “Чи чадна” гээд томилж байсан. Хувь хүний хувьд ч юм уу, энэ ажлыг аваад явчихна гэсэн итгэл үзүүлдэг учраас очсон газар бүхнээ хоёргүй сэтгэлээр сайн ажиллахыг мэрийж явсан.
-Улс төрд эргэн ирэх үү, дараагийн алхам тань юу вэ?
-Би Ардчилсан намын гишүүн, Үндэсний бодлогын гишүүн. Гэхдээ улс төрд орох ямар ч зав алга.
-Та цахилгаан машин бүтээн Олон улсын наадмаас тэргүүн байрын шагнал авсан шүү дээ. Тэр ажил тань юу болж байна?
-Цахилгаан машин тестлэгдээд бүрэн дууссан гэхэд болно. Бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй гадны нөхдүүд цахилгаан машин гэхээсээ илүү эх үүсвэрийг нь сонирхоод байгаа юм. Цахилгаан станц. Тэр нөхдүүд “Та бүхэн 150 кв гаргах хүчин чадалтай цахилгаан станц хийчихээд биднийг уриач. Шинжээч, мэргэлжилтнүүдээ явуулья, том гэрээ хэлцэлд гарын үсэг зурья” гэсэн. Эхний санамж бичиг энэ тэрд гар хөлийн үсэг зурсан асуудал бий. 150 кв гэдэг бол нэг сумын төвийг л хангах цахилгаан л даа. 2018 онд өмнөө тавьсан ажлаа дуусгачих гээд завгүй ажиллаж байна.
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн таны үнэгүй цахилгаан гаргадаг хөдөлгүүрийг Засгийн газар юу гэж хүлээн авсан вэ?
-Орондоо орох завгүй олзлолдон тэмцэж байгаа нөхдүүд анзаарах сөхөө байгаа юм болов уу даа. “Ийм боллоо” гэдгээ танилцуулсан. Юу хийх, яаж ашиглахаа төр засаг өөрөө хэлэх ёстой шүү дээ. Утааг бууруулах, үнэгүй цахилгаан гаргах бодит боломж бололцоог байгаа харуулчихлаа.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ
Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …