Зам тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан хэрэг гарсан.
Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт болсон хэрэг явдлын талаар хоёр ч удаа мэдээлэл хийсэн билээ. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр таалал төгсжээ.
Талийгаачийн аав Р.Төмөрхуяг хамгийн сүүлд 2018 оны 12-р сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийх үеэрээ”Хуулийнхан үнэн мөнийг олчих болов уу гэж хүлээсэн. Бодсоноор болсонгүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд явуулсангүй.Бидний сэтгэлд хүрэхгүйгээр хэргийн материал бүрдүүлээд прокурорт өглөө. Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Прокурор зүйлчлэлийг нь буулгаад, хөнгөрүүлээд, хамт хэрэгт авагдаж байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Махбалыг хамгийн хөнгөн зүйл ангиар шийтгэх гээд байгаад ойлгохгүй байна.Энэ хэрэг бол албан тушаалын хэрэг. Хууль хяналтын байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөлгүй тоглоом болгоод өнгөрөх гэж байгаад харамсаж байна. Үнэн зөвийг нь олохын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно”хэмээн хэлж байсан юм.