Шинэ жилийн баяраар 7490 гаруй албан хаагч аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын найм, объектын гал түймрийн 21, нийт 29 удаагийн дуудлага хүлээн авч, 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Үүнд:
Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 31-нд “Ховд” голд халиа үүсэж аж ахуй нэгж, байгууллага, айл, өрхүүд усанд автах эрсдэлд орж болзошгүй тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, мэргэжлийн ангийн 15 ажилтан, нийт 43 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 150 метр суваг татан аюулгүй байдлыг хангасан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Анун“ төвд 2018 оны 12 дугаар сарын 31-нд гал гарсан тухай дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30 дугаар ангийн 20 гаруй алба хаагч хоёр цаг 50 минут ажиллаж, 600 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан. Түүнчлэн Дорноговь аймгийн Алтанширээ сум, Дорнод аймгийн Чойбалсан сум, Өмнөговь аймгийн БаянОвоо сум, нийслэлийн Багахангай, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан объектын гал түймэр, төөрч осгосон болон зам тээврийн осолд өртөж таван хүн нас барж, гурван хүн гэмтсэн байна.

Дээрх хугацаанд Онцгой байдлын байгууллагын 7490 гаруй алба хаагч /давхардсан тоогоор/, 1890 орчим нэгж тусгай зориулалтын автомашин, техник, хэрэгсэлтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …