Ч.Мядагмаа:“Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн финалын шатанд гурван хүн үлдээгүй

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд  амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэрэгтэй холбогдуулан Боловсрол суваг телевизийн “Mongolia’s next top model-2”шоу нэвтрүүлгийн баг хамт олны төлөөлөл “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.01.04/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Боловсрол суваг телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа “Mongolia’s next top model” нэвтрүүлгийг 2016 онд албан ёсны эрхтэйгээр эхний нэвтрүүлгээ маш амжилттай хийж дуусгасан. 2018 онд бид хоёр дахь дугаараа эхлүүлсэн. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

Финалын шатанд гурван хүн үлдсэн гэдэг мэдээлэл гараад байна.Финалын шатанд гурван хүн үлдээгүй. Харамсалтай явдал гарснаас хойш хэсэг хугацаанд бидний хувьд нэвтрүүлгээ түр хугацаанд зогсоосон. Нэвтрүүлгээ цаашид үргэлжлүүлэх эсэхээ гэр бүлийнхэнтэй нь ярилцсан.Харин талийгаачийн ээж охиныхоо тэмдэглэлийн дэвтэр дээр “Миний мөрөөдөл бол Next top model болох” гэж бичсэн байсныг үзүүлэн охиныхоо дүрсийг хасалгүйгээр гаргаж өгөөч гэсэн. Ингээд бид нэвтрүүлгийг цацаж байгаа”гэлээ.

Харин тус нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн“Нэвтрүүлгийн дүрмийн дагуу оролцогчид нэг байранд цуг амьдарч, гэрээсээ, найз нөхдөөсөө, интернет орчноос тусгаарлагддаг. Энэ хугацаанд охидуудын дунд олон асуудлууд гарч ирдэг. Гэхдээ сошиал ертөнцөөр явж байгаа шиг охидууд нэгнээ үзэн ядсан, хурцадмал байдал нэг ч удаа гарч байгаагүй.

Ямар нэгэн үл ойлголцол нь нэгнийхээ аминд хүрч, үзэн ядах хэмжээний байгаагүй.Талийгаачийн талаарх мэдээг сонссон өдөр бид ар гэрийнхэнтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлсэн. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас нэвтрүүлгийн дугаарыг авах хүсэлт гаргасан. Бид бүх нэвтрүүлгийнхээ дугаарын бичлэгийг цагдаагийн газарт өгсөн. Телевизийн зүгээс энэ хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад хийсэн зүйл байхгүй” гэв.

Тэгвэл “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч нартай хамгийн ойр байсан шүүгч Д.Нора:Манай нэвтрүүлгийн оролцогч, шүүгчид, зохион байгуулагчдын хувьд 2-3 сар өдөр бүр хамт амьдарч ажиллаж нэвтрүүлгийг хийж байсан.Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, шоконд орсон. Талийгаачийг нас барахад би БНХАУ улсад ажилтай явж байсан.

Манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Э.Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөн очиж эмгэнэл илэрхийлсэн. Манай оролцогч руу их дайрч байна. Ялангуяа Э.Одонтунгалаг руу дайрч байна.

Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Э.Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр ердөө 18-хан настай хүүхэд. Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Учир нь загварын ертөнц жижигхэн. Сошиал медиагаар явж буй энэхүү ташаа мэдээлэлд бүү итгээч. Хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр шүүгчийн дүрд тоглохоо боль гэж хэлмээр байна.

Шүүгч Э.Энхболд:Миний хувьд талийгаачтай нэг агентлагийн модель байсан. Тэр утгаараа сайн мэднэ. Гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Энэ харамсалтай үйл явдал бид бүхний хувьд ч хүнд цохилт болсон. Гэтэл зохион байгуулалттай юм уу гэж харагдахуйц шүүгч, оролцогч нар руу дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл их тарж байгаад харамсаж байна.

Миний хувьд харамсалтай мэдээг авсан даруйдаа талийгаачийн гэрт шүүгч нараа төлөөлөөд “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа, “Боловсрол суваг” телевизийн захиралтай хамт очиж уулзсан. Тухайн үед  сэтгэл санаа хэцүү байсан учир талийгаачийнд орж зүрхлээгүй. Талийгаачийг би эмээтэйгээ амьдардаг байсныг мэдэх учраас эмээтэй нь уулзсан. Харин Ч.Гэрэлхүү болон ээж Г.Чимгээтэй нь үл ойлголцол үүссэн. Түүний дараа би талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож ойлголцсон.  Тиймээс ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэмээр байна.

 

Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …