0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох санал гаргалаа

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагчдад гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох саналыг гаргалаа.

Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэхээр болж, хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинд хамруулахад шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллээс үзвэл томуу, томуу төст өвчний өвчлөл улсын хэмжээнд 9.3, нийслэлд 7.1 хувьтай байна. Хүүхдийн батлагдсан 977 орны ачаалал өнгөрсөн долоо хоногт 73 хувиар нэмэгджээ. Иймээс том хүн, эмч, сувилагч нарын өрөөг сулласнаас гадна эмнэлгийн коридорт эвхдэг ор дэлгэн хүүхдүүдийг хэвтүүлж байна.

“Эвхдэг ор тавих нь хэвийн үзэгдэл биш. Гэхдээ өвдсөн хүүхдийг ор байхгүй гэж буцаахгүйн тулд гал унтраах маягаар авч байгаа арга хэмжээ. Цаашид 700-1000 ортой эмнэлэг барих цаг болсон. Ойрын өдрүүдэд ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн госпитальд нэмэлтээр тасаг гаргана” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.

Хүүхдүүдээ цаг тухайд нь вакцинд хамруулах, дархлааг нь байнга дэмжих, дааруулахгүй байх, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …