Б.Баярсайхан: 2019 оны арваннэгдүгээр сард 300 ортой IV төрөх эмнэлгийг барьж дуусгахаар тохирлоо

Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа IV төрөх эмнэлгийн барилгын ажлын талаар Үндэсний хөгжлийн газрын дарга мэдээлэл өглөө.

Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “300 ортой төрөх эмнэлгийн асуудал 2009 оноос яригдаад, зогссон байсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар 30 хувьтай дутуу баригдсан барилгыг 2017 онд тухайн үеийн Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авч төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих тогтоол гаргасан юм. Энэ дагуу Үндэсний хөгжлийн газар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна.

Тухайн үед хууль, журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж, “Томо бюлдинг” ХХК төрөх эмнэлгийн барилгыг барихаар шалгарсан. Ингээд  2017 оны долоодугаар сард гэрээ хүчин төгөлдөр болж, үүнээс хойш 28 сарын дотор барилгыг барьж дуусгах ёстойг гэрээнд заасан. Мөн концессийн гэрээнд барилгыг барьж дуусгах,  дэд бүтцийг хамтад нь шийдэх ажлуудыг даалгасан. Төрийн ажлыг хурдан, шуурхай гүйцэтгэж өгөх компанийг сонгож чадсан гэж найдаж байгаа. Тус компани ч хурдтай ажиллаж, 2019 оны арваннэгдүгээр сараас өмнө төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад өгье гэж байсан боловч 2018 оны аравдугаар сарын 15-наас хойш ажил нь зогслоо.

Ерөнхий системийн дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, дулааны холболтоо авч чадаагүй гэх мэт дутагдлаас болж зогсонги байдалд орсныг Эрүүл мэндийн сайд анхааралдаа авч холбогдох байгууллагуудыг оролцуулж хуралдаад ажлын хэсэг байгуулж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулахаар боллоо. 2019 оны арваннэгдүгээр сард 300 ортой төрөх эмнэлгийг барьж дуусгая гэж тохирлоо” хэмээн ярилаа.

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …