Х.Баттулга:УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр/2019.01.16/ Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хоёр жил дараалан зээл авсан Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатарт хандан ажлаа өгөөд шалгуулах нь зүйтэй гэж хэллээ.

Тэрбээр”Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна, шударга ёс?” гэж асууж байсан. Үүнийг Монгол орон даяар харж, сонссон. Би яг тэр асуултыг энэ танхимд давтмаар байна. Шударга ёсыг та нар энэ танхимаас эхлүүлэх ёстой. Ийм тангарагтай, ийм мөрдөстэй хүмүүс шүү та бүхэн.

Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой бас нэг тодорхой асуудал нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон. Өөрөө үүнийгээ хүлээсэн. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй албан тушаалаа хашаад сууж байхад Ерөнхий прокурор нь бусдаас шударга ёс нэхэх утга учир байна уу, иргэд хүлээж авах уу?

Б.Амгаланбаатар прокурор энд сууж байна. Асуудал гарсан даруйд би өөрийг чинь дуудаж уулзаад шударга ёс танайхаас эхэлнэ, өөрөө ажлаа өгөөд шалгуул гэж хэлсэн. Та санаж байгаа байх. Харамсалтай нь та тэгсэнгүй. Мөн ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаататартай барьцаж байгаа асуудал яригдаж байна. Энэ асуудал УИХ-ын танхимд яригдсаар л байна. Мөн улсын Ерөнхий аудитор яг ийм асуудлаас шалтгаалан ажлаасаа халагдсан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөөд шалгуулж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхдаа энэ сангийн зээлд нэр холбогдсон хүмүүсийг би ажлаас нь чөлөөлсөн.

Хуулийг харахаар Прокурорын тухай хуулийн 46-ийн 5 дахь заалтад “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ” гэсэн байна. Тэгэхээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та бид хоёрт дуусгаагүй ажил байгаа гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байна. Орлогчийнхоо асуудлыг шийдэж байж бид нийгэм рүүгээ харах ёстой. Тайлбар нь, “Манай эхнэр авсан. Манай эхнэр жижиг, дунд үйлдвэрлэл аваад явдаг…” гэх байх. Тэрийгээ л шалгуулаад тодорхой болгочих гэсэн санааг хэлээд байгаа юм.60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-ийн зээлийг албан тушаалтнууд эрх мэдэл нөлөөллөө ашиглан авсан хэргийг шалган шүүхэд аваачих нь та нарын үүрэг. Мөн эдгээр хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, албан хаагчдын асуудлыг дахин УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. 60 тэрбумын хэргийг дахин сэргээсэн. Төрийн албыг арилжсан хэргийг эвлүүлэг болгосон албан тушаалтнууд нь одоо хүртэл ажлаа хийгээд явж байгаа. Мөн Б.Амгаланбаатарын асуудлыг оруулж ирэх хэрэгтэй”гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …