Л.Энхболд: Намайг их буруу зүйлээр оролдож байна даа гэж хэлсэн

Өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг илчилж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Гэтэл дээрх хэргийг шалгаж, гэм буруутай нөхдөд хариуцлага тооцохын оронд эл хэргийг анх олон нийтэд ил болгосон УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндсөн нь эрхгүй анхаарал татах сэдвийн нэг юм.

Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн байдаг. Түүнийг өмнөх зээлээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авч төлсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа гэдгийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан онцолсон билээ.

Хэдийгээр түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах саналыг парламент хүлээж аваагүй ч УИХ-ын гишүүн Л.Энхболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ямар ч зээл аваагүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Би ЖДҮ-гээс нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин 2018 оны гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандаж, нүүрсний асуудлыг ил болгосон. Түүнээс хойш бараг жилийн хугацаа өнгөрлөө. Ямар ч ахиц гараагүй байна. Гэхдээ М.Энх-Амгалан прокурор хэргийг шалгаж байгаа гэж хэллээ. Үнэндээ нүүрсний хулгайчид тодорхой хэмжээнд хүнд арга хэмжээ авч чаддаг юм байна” гэв.

Түүнчлэн “Анх нөлөө бүхий албан тушаалтан нүүрсний хулгайчдын 243 тэрбум төгрөгийг босгож тавьсан. Ингэснээрээ зургаан сар хоригдож, эцэст нь хэргийг нь цагаатгасан байдаг. Дараа нь 2013 онд дахин шалгасан юм билээ. Шалгалтын явцад 379 мянган тонн нүүрс буюу 3758 машиныг хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасныг нь тогтоосон. Энэ хэргийг бас л хэрэгсэхгүй болгосон. Харин үүнийг шалгасан нөлөө бүхий албан тушаалтан 2.5 жил авч, саяхан суллагдсан байна. Тэд надад хэлэхдээ, “Та их л буруу зүйлээр оролдож байна даа. Таныг яаж, ийж байгаад цааш нь явуулчих улс шүү” гэж хэлсэн” хэмээн онцолжээ.

Үнэндээ эрх баригч намын “бүдүүн” бүлэг албан тушаал, эрх мэдлийн төлөө хоёр талд гараад удлаа. Тэд эрх мэдлийг гартаа авахын тулд энэ мэт төрийн түшээдийг “барьцаалж”, хуулийн байгууллагыг хүртэл “хөдөлгөж” байх вий гэх хардлага нийгэмд үүсчээ. Харин эрх баригч намын эрх мэдлийн төлөөх хагарлын нэг “золиос” нь УИХ-ын гишүүн Л.Энхболд байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг илчилсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдод “Та их л буруу зүйлээр оролдож байна даа. Таныг яаж, ийж байгаад цааш нь явуулчих улс шүү” хэмээн анхааруулсан байтал хөндөж ярьсаар байгаа нь нөгөө талд таалагдаагүй нь лавтай. Тиймдээ ч түүний гөжүүд зан, зөрүүд амыг таглахыг тулд хуулийн байгууллагыг “хөдөлгөж” яллагдагчаар татаж сануулга өгсөн ч байж мэднэ.

 

 

Эх сурвалж:erennews.mn

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …