Масато Такаока : Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөн нэмэгдсэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд Засгийн газрын гишүүн, салбарын сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэж, хамтран ажиллах боломжийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр /EPA/ байгуулж, 2016 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлснээр хоёр орны хоорондын худалдаа өргөжиж, Монгол Улсаас Япон Улсад хийх хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөн нэмэгдсэн гэдгийг онцлон дурдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн албан айлчлалын мөрөөр тус улсын Хоккайдо мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр туршлага судлах, мал эмнэлэг, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжтой гэж Элчин сайд Масато Такаока нэмж хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлж, Монгол хонины ноосноос ноолуурлаг ширхэгийг ялган өндөр чанартай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа тухай танилцуулсан юм.

Уулзалт нөхөрсөг, дулаан уур амьсгал дор өрнөж, хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцов.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …